Friday, May 4, 2012


   Нэг миллиард 500 сая хүнээр өөрийгөө тахин шүтүүлж, ард түмнээ тахин шүтүүлэх гипнозод автуулсан их удирдагч Мао Зэдуны эхнэр Жян Чин нөхрөөсөө ч дутахгүй алдартай нэгэн байлаа. Түүний амьдралын түүх нь ХХ зууны Хятадын улс төр, нийгмийн ээдрээт амьдралын золиос болсныг харуулдаг.
    Жян Чин ХХ зууны эхэн үеийн Шанхай хотын нэрд гарсан царайлагч жүжигчдийн нэг байжээ. Тоглосон кино бүхэн нь нийтийн хүртээл болж, шуугиан тарьж байсан алдарт жүжигчин Жян Чин Хонконгийн нэрд гарсан кино найруулагч Тан Лунь-тай гэрлэж, тухайн үеийн Хятадын ажил, амьдрал нь өөдрөг яваа хамгийн алдартай оддын нэг болжээ.

     1936 онд Жян Чин-ий амьдралд эргэлт гарсан он жилүүд байв. Япончууд Хятадыг эзлэн түрэмгийлж байсан тэр аймшигт хэцүү үед Жян Чин нөхрөөсөө салж, хувийн амьдрал нь бүтэлгүйтжээ. Удалгүй Жян Чины хувийн кино компанийг Япончууд сүйтгэхэд тэрээр зугтаж, Янань хотод ирэв. Тэнд тэр хувьсгалын их удирдагч Мао Зэдунтай танилцаж, улмаар гэрлэжээ.
    Жян Чин Мао Зэдунтай гэрлэж, Ли на гэдэг охинтой болсон бөгөөд хувьсгалын хүнд хэцүү үед Мао Зэдуны эхнэрүүдийн дотроос түүнд үнэнч үлдсэн ганц бүсгүй байлаа.
  1949 онд Хятадад хувьсгал ялж, Мао Зэдун үнэмлэхүй удирдагч болов. Гэвч Жян Чин тэргүүн хатагтайн үүргээс илүү хувьсгалын өмнө хийж байсан кино урлагийн ажилдаа ихэнхи анхаарлаа хандуулах болжээ. 1966 онд Мао Зэдун Соёлын их хувьсгал өрнүүлж, өөрийг нь шүүмжлэгч, эсэргүүцэгч, эргэлзэгчдийг нэг мөсөн дарж, залуучуудыг турхиран өөрийгөө тахин шүтүүлэх кампанит ажлаа эхлүүлэв. Мао Зэдун 1969 онд эхнэр Жян Чин-ийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болгож, Соёлын хувьсгал явуулах хорооны орлогч даргаар томиллоо. Энэ үеэс жүжигчин Жян Чин Хятад орныг орвонгоор нь эргүүлсэн хувьсгалын эргүүлгийг удирдаж эхэлжээ.

     Улс орны удирдагчдын нэг болж, нэр нөлөө нь нэмэгдэв. Соёлын хувьсгалын солиоролд автсан залуус Жян Чин-ийг агуу их удирдагчийн гэргий хэмээн өргөмжилжээ. Жян Чин нөхрийнхөө дайснуудыг устгах хамгийн хорон аргуудыг сэдэж эхлэв. Жүжигчин, энхрийхэн, ялдам дүрээрээ олон түмний сэтгэлд удтал мөнхөрсөн Жян Чин залуусыг турхиран хуучны дурсгалт зүйлс, Дэн Сяо пин, Пэн Дэхуай, Лю Шаочи, Сүн Вэйши зэрэг алдарт хувьсгалчдыг хөдөө цөлөх, алах, тамлан тарчилгах ажлыг  хийжээ. Соёлын хувьсгалын үед амь үрэгдсэн хүний тоо хэдэн саяар тоологддог.
    Хятад орны өнцөг булан бүрт Жян Чин-ий зурагт хуудсыг нааж, гудамжаар хувьсгалын дуу аялсан залуус бөмбөр нижигнүүлэн явна. Тэд их хувьсгал, их удирдагч Мао Зэдун, их удирдагчийн хүндэт гэргий Жян Чин, нөхөр Линь Бяо, Чжан Чүньчяо, Яао Вэньюань, Ван Хун Вэнь нар түм насалтугай хэмээн орилно. 
    1976 онд Мао Зэдун нас нөгчив. Улс орон даяар уй гашуу нөмрөв. Жян Чин ч мөн нөхрийнхөө үхэлд гашуудаж, уйлж байсан боловч энэ их уй гашуу өнгөрсний дараа улс орон хэрхэх нь түүнд оньсого мэт байлаа.
   Мао Зэдуныг нас нөгчсний дараа удирдлагад зүйрлэшгүй том орон зай онгойж, түүнийг хэн нөхөх нь маргаантай асуудал болж байжээ. Хэдийгээр ахимаг насны хувьсгалч Хуа Гүө Фэн бол Мао Зэдуны залгамжлагч хэмээн албан ёсоор нэрлэгдэж байсан ч Жян Чин өөрийнхөө дэвшүүлсэн хүмүүстэй хамтаар төрийн эрхийг булаан авч, Дэн Сяопин, Хуа гүө фэн нарыг зайлуулахаар шийдэж, нууц хуйвалдаан зохион байгуулав.
   Гэвч тэр оройтсон байлаа. Хямрал, эмх замбараагүй байдалд 10 жил гаруй байсан Хятад орны хувь заяаг аврахаар цэргийн эрх баригчид, Улс төрийн Товчооны өндөр настай удирдагчид сэм хуйвалдсан байжээ. 1976 оны 10-р сарын 6-ны орой Жян Чин-ийг төрийн тэргүүний өргөө болох Чжун ань хай-д байхад Цэргийн эрх баригчдын тушаалаар түүнийг баривчилжээ. Мөн тэр өдрийн орой Жян Чин-ий хамсаатнуудыг мөн барьсан байна.
   Жян Чинийг таван жил шоронд хорив. Түүнийг шүүх хурлаар оруулах, ял оноох, суллах алин болох нь тодорхойгүй таван жил болов. Гэвч Хятад оронд их өөрчлөн байгуулалт болж, Дэн Сяопин төрийн эрхэнд гарч, "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогыг хэрэгжүүлэн, тогтвортой байдлыг бий болгож, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлжээ. Улс орон тогтворжиж, бодлого зорилтоо тодорхойлсны дараагаар 1981 онд Жян Чин тэргүүтэй дөрвөн хүнийг шүүх хурал эхлэв. Тэднийг "Дөрвийн дээрэмчид" гэж нэрлэн, Соёлын хувьсгалын бүх бурууг энэ дөрвөн хүнд тохлоо. Дөрвийн дээрэмчидтэй хамт 20 гаруй хавсруулан шийтгэж, ял оноов. Намын Төв Хорооны албан ёсны тогтоолд өгүүлэхдээ: -"Дөрвийн дээрэмчин нөхөр Мао Зэдуныг өдөөн турхирч, өдий төдий хувьсгалын ахмад зүтгэлтэн ба гэм зэмгүй жирийн ардуудыг хөнөөн, эд материалын зүйрлэшгүй их хохиролд учруулсан юм. Нөхөр Мао Зэдун сүүлээр энэ байдлыг үэзж мэдээд энэ хор уршгийг арилгах арга хэмжээг авч явуулахаар төлөвлөж байсан боловч насан эцэслэжээ. Мао Зэдун бол манай хувьсгалыг үүдэн байгуулагч, их удирдагч мөн бөгөөд бид хэзээд Мао Зэдуны онол хийгээд түүний сургаалыг баримтлан явах болно" гэжээ.
  Шүүх хурлаас Жян Чин-д цаазаар авах ял оноов. Гурван жилийн дараа Дэн Сяопин-ий тушаалаар Жян Чин-ий ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. 1991 оны 5-р сарын 14-ний өглөө шоронгийн харгалзагч Жян Чин-ий өрөөнд ороход тэр амиа хорлосон байлаа. Хананд будгаар "Мао Зэдун. Би чамд хайртай байсан" гэж бичсэн байжээ. Тухайн үед Жян Чин 77 настай байв.
 Жян Чин-ийг нас нөгчсний дараа тун нууц байдалд чимээгүйхэн оршуулжээ. Чухамдаа Мао Зэдун Соёлын хувьсгалыг эхлүүлж, хорвоо дэлхийг орвонгоор нь эргүүлсэн гэдгийг албан ёсны мэдэгдэлд хэн ч дурьдахаа больжээ. Учир нь аль ч дарангуйллын нийгэм Жян Чин мэтийн хүмүүсийн золиосонд оршиж байдаг юм.  Жян Чин шүүх хурал дээр эцсийн үгээ хэлэхдээ: -"Дайн байлдааны хүнд хэцүү үед зөвхөн би л Мао Зэдуны дэргэд байсан. Соёлын хувьсгалын үед бас би л түүнтэй хамт байсан. Гэтэл тэр одоо хаана байна вэ?" гэжээ. Харин Тянь ань мэний талбайд Мао Зэдуны хөрөг оршсоор...Их удирдагч Мао Зэдун үргэлж бидэнтэй хамт хэмээх үг цууриатсаар...

Буурал түүхийн амьд гэрч

    Өнөөдөр буюу 2011 оны арван нэгдүгээр сарын 25-н бол Паавангийн Дамдин хэмээх эрхэмийн наян насны ой билээ. Хэдэн жилийн өмнө анх танилцснаас хойш энэ хүнтэй үргэлж холбоотой явж ирэв. Түүний зааж сургасан үгс, хатуу шаардлага, шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг би чадах ядахын хирээр өөртөө төлөвшүүлэхийг хичээж явлаа.
       Та бол 1960 онд хорин есхөн насандаа Аж үйлдвэрийн яамны сайдаар томилогдсноос хойш Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн Товчооны орлогч, жинхэнэ гишүүний албыг гучин жил тасралтгүй хашсан нам, төрийн томоохон зүтгэлтэн билээ.
Ю.Цэдэнбал П.Дамдингын 50 насны ойгоор Сүхбаатарын одонгоор шагнав.
      МАХН-ын 14, 15, 16, 17, 18, 19-р их хурлаас Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 5, 6, 7, 8, 9, 10, 11 дэх удаагийн сонгуулиар БНХАУ-ын Ардын Их хурлын депутатаар сонгогдон түмэн олны итгэлийг хүлээж байсан төрийн түшээ билээ.
       Аливаа орны хөгжлийн үндэс нь үйлдвэржүүлэлт байдаг. П.Дамдин гуай үйлдвэржүүлэх ажилд өөрийн ухамсарт бүх амьдралаа зориулж иржээ. Тэрээр сайдаар ажилласан гучин жилийн хугацаандаа АПУ, Говь, Арьс ширний нэгдэл, Ноосон үйлдвэрийн нэгдэл, Сүлжмэлийн үйлдвэр, Дарханы гурилын үйлдвэр, УБ, Дарханы цахилгаан станцууд, Махкомбинат, Тавилгын үйлдвэр, Гурилын элеваторууд, Хуурай сүүний үйлдвэр, Гутлын үйлдвэр, Бэлэг дурсгалын завод болон бусад өч төчнөөн үйлдвэр, аж ахуйн газруудыг байгуулж, улс орноо танигдашгүй болтол хөгжихөд хувь нэмрээ оруулжээ.
Ю.Цэдэнбал, П.Дамдин нар. 1981 оны 11-р сарын 25.
     Залхуу хүнд ташуур замбараагүй хүнд заазуур болсон Дамдин хэмээн тухайн үеийнхэн ярилцдаг. Хэний ч өмнө, хэзээ ч өөрийн шударга үгийг шулуухан хэлдэг болохоор ингэсэн хэрэг. Түүний хувийн чанд дэглэм, хэлж ярьсан үгийг өнөө үеийнхэн бид ч үлгэрлэн суралцахад илүүдэх юун. П.Дамдин гуайн цагийг яс баримталдаг, товч тодорхой ярьдаг, үүрэг даалгавар өгөөд түүнийхээ биелэлтийг заавал шалгадаг, ямагт үнэнийг өгүүлдэг, эртэч, оюуны болоод биеийн хөдөлмөрийг хослуулдаг, нямбай чанд, хурц шулуун шударга зан чанар одоогийн бидэнд өмнөх үеийнхнээс илүү их хэрэгтэй байгаа нь туйлын үнэн.
    Монгол Улсын хөгжлийн бодлогыг гучин жил тодорхойлж ирсэн түүхийн томоохон гэрч, төрийн тулхтай зүтгэлтэн тандаа урт удаан наслаж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.
 

Thursday, May 3, 2012

Танин мэдэхүй хийгээд тахин шүтэхүйн дэнс



        Монгол оронд сүүлийн зуун жилийн дотор хамгийн олон хувь хэвлэгдсэн зохиол нь социалист суртлын эцэг болох Марк, Энгельс, Лениний түүвэр зохиолууд ажээ.  Тэд тус бүр зуун мянган хувь хэвлэгдсэн гэдэг. Зуун хүнд оногдох докторын тоогоороо дэлхийд тавд ордог Монголын эрдэмтдээс тэгвэл хэний ном дэлхийн зах зээлд гарахаа байг гэхэд зөвхөн Монголдоо зуун мянга хүрч хэвлэгдэв?

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цаг үеэсээ танин мэдэхүйн хүсэлдээ хөтлөгдөж, элдвийг эрж хайж, нээж явсаар хорвоо ертөнцийн гайхамшгийг бүтээж, шинжлэх ухаан хэмээх хосгүй зүйлийг хөгжүүлж иржээ. Энэхүү хөгжлийн хөдөлгөгч хүч нь тэгэхээр хүмүүн бидний шинийг мэдэх хүсэл сонирхол, байнгын эрэл хайгуул, эргэлзээ тээнэгэлзэл байж. Тиймдээ ч “танин мэдэхүйн үндэс нь эргэлзээ” гэж дэлхийн олон эрдэмтэд нотлон хэлдэг.

           “Шинжлэх ухааны хөгжлийн хурд” хэмээх онолыг үндэслэсэн АНУ-ын эрдэмтэн Бзежинский  “...бид хүн төрөлхтний бүх л түүхийг 100 км-ийн марафон гүйлт хэмээн жишиж үзье. Тамирчин замынхаа 80 орчим км-ийг туулахад түүнд замын туршид юу ч харагдсангүй, зөвхөн эзгүй хээр тал, уул нурууд л харагджээ. Гэтэл 80 км-ийг өнгөрөхөд эртний Египет, Грек, Ромын эрин үе харагдаж, 90 км болоход Английн хүчирхэгжилт, дундад зууны байлдан дагуулагчдын дайн тулаан үзэгдэж, 98 км-т хүрэхэд Леонардо да Винчи, Микеланджело нар гайхамшигт бүтээлээ туурвиж, 99 км болоход үйлдвэр, заводын барилгууд сүндэрлэж, 100 км болоход сансарын хөлөг, цахим технологийн эрин үе эхэлсэн нь харагджээ” хэмээсэн байдаг. Энэ нь хүн төрөлхтөн олон мянган жилийн турш байгаль, нийгмийн олон талт үзэгдлүүдийг ажиглан, учрыг нь олохын тулд судалж шинжилж, эргэлзэн тээнэгэлзсээр ихэнхи хугацааг өнгөрөөсөн бөгөөд харин сүүлийн 200 жилд л өмнөх үеийнхээ нээсэн ололтууд дээр тулгуурлан, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг маш богино хугацаанд бий болгосны нотолгоо тайлбар юм.
          Харин Монголчуудын хувьд шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн тэрхүү сүүлийн 200 жилийн эхний зууг нь Манжийн дарлал, шарын шашны номлол дор талхилагдан өнгөрөөж, сүүлийн зууг нь коммунист суртлын дор тархиа угаалгаж үджээ.
       Үнэндээ 16-р зууны үеэс эхлэн Монголд ноёрхсон шарын шашин Монголчуудыг сэтгэлгээний үнэмлэхүй хоцрогдолд хүргэсэн бол, 20-р зууныг бараг бүхэлд нь ноёрхсон социалист тогтолцоо сэтгэлгээний тэр хоцрогдлыг улам бататгаж, улмаар түүнийг нь бүр үндэсний онцлог хэв шинж болтол нь давтсан гэлтэй. Учир нь шарын шашин нь багш шавийн уламжлалт харилцаан дээр тогтдог. Шавийн хувьд багшийн хэлсэн үг сургааль нь дагаж мөрдөх хууль мэт, түүнийг ямар ч шүүмжлэлгүйгээр, өөрийн бодол саналыг хэлэх эрхгүйгээр хүлээн авч шүтэн цээжилдэг. Бараг гурван зууныг дамжин хэрэгжсэн энэ тогтолцоо Монголчуудыг багшийнхаа үгийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авдаг болгон сургаж, түүгээр ч барахгүй тийнхүү эргэлзэх нь хүртэл ихээхэн нүгэлд тооцогдох болтлоо даамжирчээ.
        Үүний дараа Монголд мандсан социалист тогтолцоо марксист-ленинист үзэл суртлыг тугаа болгосноор түүний онолын үндэст эргэлзэх, арга барилд асуулт тавих, арай  өөрөөр сэтгэх гэж оролдох нь эгнэшгүй гэмт хэрэг болон хувирав. Энэ үеэс эхлэн Монголын түүхчид, зохиолчид бүгд ганц үзэл сурталд тохируулан түүхийн бүхий л үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгдөг болж, үзэл сурталдаа таарсныг нь сайн, таараагүйг нь муу хэмээн ангилан засварлах болжээ.
            Ийнхүү хүмүүн төрөлхтний танин мэдэхүйн хөгжлийн гол үндэс болсон эргэлзээгээ шашин, үзэл суртал хоёрт бараг гурван зуу гаруй жил таг даруулсан Монголчууд өмнөх үеийнхээ эрдэмтэд, багш нараас өөрөөр сэтгэж, тэдний санааг шүүмжлэх нь байж болшгүй зүйл гэдэг гажуу сэтгэлгээтэй болон хоцорчээ.
            Бие биенээ дайсагнан үзэж, гал ус мэт харш байсан бурхны шашин, социализм хоёрт  нэг ижил зүйл байж. Тэр нь ард түмнийг өөрсдийн сургаалийг үг дуугүй хүлээн авахыг хатуу шаарддаг тогтолцоо байв. Бурхны шашны лам нар өөр шашны хүмүүсийг буруу номтнууд хэмээн дайсагнан жигшдэг бол социализм нь өөрөөр сэтгэгчдийг хувьсгалын эсэргүү хэмээн хядаж байв. Угаасаа завсрын дүрийг хүлээж авдаггүй, хорвоод өөгүй сайн хүн, туйлын муу хүн гэх хоёрхон тал байдаг юм шиг сэтгэдэг Монголчуудад харин ч энэ нь тохирсон мэт. Ингээд нийгмийн тогтолцоо, нүүдэлчдийн сэтгэхүй хоёр нэгэн цэгт огтлолцож, энэ цагийн Монголчуудыг дэлхийн хамгийн хоцрогдсон сэтгэлгээтэй хүмүүс болгосон санагдана.
            Хорьдугаар зууны отгон хувьсгалын үр дүнд Монголд ардчилсан нийгэм тогтнолоо. Ингэснээр сүүлийн 20 гаруй жилд Монголчууд ахуйн болон соёлын хүрээнд нэлээдгүй шинэчлэлийг хийж, цаашдын чигээ тодорхойлсон ч хэдэн зуун дамжин тогтсон өнөөх хоцрогдмол сэтгэхүй нь хөгжлийн замын гадна үлдсээр л... Өнөөх л багшийн юмуу даргын үгийг эргэлзээгүйгээр тусган авч, эргэцүүлэн бодолгүйгээр шууд даган хуйлардаг сэтгэлгээ Монголчуудад, монголын түүхчид, зохиолчдод амь бөхтэй оршсон хэвээр...
            Физик, математик, хими, мэдээллийн технологи зэрэг байгалийн шинжлэх ухаанд эрдэмтэд шинэ нээлт хийж, тэр нь эцсийн хөдөлбөргүй үнэн байх нь элбэг тохиолддог. Гэтэл түүхийн ухаанд тооны хүрд шиг хөдөлбөргүй нотлох эцсийн үнэн гэж бараг байдаггүй. Түүхчид мөнхөд мэтгэлцэн маргаж, шинэ баримт сэлт хайж, түүн дээрээ санаагаа дэвшүүлж, ухаанаа уралдуулдаг өвөрмөц шинжлэх ухаан бол яах аргагүй түүхийн шинжлэх ухаан.
            Гэтэл Монголын зарим түүхчид шарын шашин, социализм зэрэг тогтолцооны гажуудлаас үүдсэн сэтгэлгээний доройтлоосоо гаралгүй хорь гаруй жилийг үзэж, одоо ч түүнээсээ ангижирах төлөвгүй харагдана. Тэдний бүтээл нь зөвхөн Монголд л, түүхчдийнхээ тогоонд л эргэлдэж байна. Учир нь тэд урьд өмнөх үеийнхээ түүхчдийн санааг няцаан шүүмжилж, бүтээлд нь бүтээлчээр хандаж чаддаггүй, тэднийгээ бурханчлан шүтэж, тэртээ олон жилийн өмнө хэлсэн үгийг нь эгээ л тооны хүрд мэт цээжилчихсэн, түүнийг нь эцсийн үнэн мэтээр гаж буруу сэтгэсээр явна.
          АНУ зэрэг өрнөдийн орнуудад түүхийн ухаан нь маш өвөрмөц сэтгэлгээгээр бичигдэн хөгжиж ирсэн байх юм. Эдгээр улс орнуудад аль нэг эрдэмтэн нь түүхийн талаар санаа дэвшүүлэхэд дараагийн үе нь түүнийг няцаан шинэ саналыг зөрүүлэн дэвшүүлж, бас нэг өөр хэсэг нь аль альныг нь огт өөр өнцгөөс харан шүүмжлэх зэргээр байнгын бүтээлч өрсөлдөөн дунд хөгждөг аж. Тэд оюутнууддаа “Аливаа мэдээлэлд ямагт эргэлзэж, түүний хэр үнэн болохыг өөрсдөө мэдэж хай”  хэмээн сургадаг.
         Үнэндээ түүхийн үйл явц, түүхэн зүтгэлтний туулсан амьдралыг цаг хугацаа л шүүн харуулдаг бөгөөд түүний өмнөөс ямар ч ардын гавъяат эрдэмтэн доктор профессор үнэлэлт дүгнэлт өгдөггүй ажээ. Энэ бол зуу зуун жилийн турш хөгжсөн өрнөдийн түүхийн ухааны хамгийн наад захын алтан дүрэм. Цаашлаад өнгөрсөн цаг үеийн үйл явдлыг өнөөгийн хэмжүүрээр хэмжиж хэрхэвч болохгүй гэдэг нь дараагийн дүрэм. Гурав дахь нь, хэзээ ч үлгэр домгийн шинжтэй зүйл бичих ёсгүй.
            Өнөөгийн дэлхий дахинд түүх бичлэгийн алтан дүрэм болоод байгаа энэ гурван зарчмыг одоогийн Монголын түүх бичлэгтэй харьцуулбал арга барил нь үнэндээ балар эртнийх мэт хоцрогдмол харагдана. Тухайлбал, Монголын эрдэмтэд Хубилай хааныг Хятадын Бээжинд нийслэлээ шилжүүлсэн, хууль бусаар хаан болсон гэж дүгнээд түүнийгээ албан ёсны байр суурь болгон илэрхийлдэг. Түүнийг нь ч хэн ч зүрхлэн эсэргүүцдэггүй. Тэгтэл баримт сэлтээс харахад Бээжин хот МЭӨ тооллоос 14-р зуун хүртэлх хугацаанд нүүдэлчдийн газар нутаг байсан байх юм. Тиймээс Хубилай хааныг Хятадад нийслэлээ шилжүүлсэн гэж “албан ёсоор” дүгнэх нь хэр үндэстэй байгаад эргэлзэж, энэ чиглэлээр нэмэлт судалгаа хийж, урьдах дүгнэлтийг няцаах нь түүхийн шинжлэх ухааны эрүүл үзэгдэл болно. Цаашлаад Монголчууд ах захаа маш их хүндэлдэг байсан учраас Аригбөх дүүгийн хувьд ах Хубилайгаасаа өмнө хаан болох ёсгүй байсан, иймээс Хубилайг хууль бусаар хаан болсон гэж дүгнэх нь оргүй зүйл хэмээн няцаах, эсвэл тэс өөр санаа дэвшүүлбэл энэ нь жинхэнэ түүхийн ухаан болно.
            Өнөөдрийн цаг үеийн хэмжүүрээр өнгөрсөнд болсон явдлыг шүүн тунгаах нь байж болшгүй хэрэг бөгөөд хэрэв ингэж үзвэл Модун шаньюй хаан ширээг авахын тулд аавынхаа морь, авааль эхнэр, тэр ч бүү хэл эцгээ алсныг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн, бусдын өмчинд халдсан, хүний амь нас бүрэлгэсэн хэмээн эрүүгийн хуулиар шүүх гэж оролдохтой адил инээдтэй явдал болно. Түүхэн баримт гэдэг түүхий махтай адил учраас түүнийг эрдэмтэд тал талаас нь сэрээдэн эргүүлж, үргэлжлэн мэтгэлцвэл эцэстээ “болсон” түүх болох учиртай.
            Үлгэр домгийн мэдээллээр түүх бичих ёсгүй гэж үздэг өрнөдийн иргэд “Алунга хатан тэнгэрээс буусан цагаан гэрлээр хүүхэдтэй болсон, тиймээс Монголчууд тэнгэр гаралтай” хэмээн бичсэн Монголын түүхчдийн номыг хэзээ ч ойлгохгүй, уншихгүй. Харин “Алунгуа хатны нөхөр Добу мэргэн нас баржээ. Тэр үед Монголчууд нөхөр нь нас нөгчвөл дүүтэй нь суух, эсвэл явалдах уламжлалтай байсан учраас Алунгуа хатан Добу мэргэний дүү юм уу, эсвэл хамаатны нэг эртэй холбоотой болсон байна. Хожим Алунгуа хатан хүүхдүүддээ “Шөнө бүр тэнгэрээс цагаан гэрэл орж ирээд үүр цайхад шар нохой мэт шарвалзан оддог” гэж хэлсэн. Энэ нь шөнө болгон цагаан гэрэл мэт царайтай эр хүн орж, шөнө Алунгуатай хоноглоод үүр цайхад шар нохой мэт хурдан түргэн гарч явдаг гэсэн үг юм” гэх зэргийн санаагаар тайлбарлавал илүү сонирхон ойлгоно.
            Чухамдаа түүх гэдэг нь үргэлж шинэ санаа, маргаан мэтгэлцээнээр л хөгжиж бүтдэг зүйл бөгөөд Монголын түүхчдийн ном бүтээл яагаад дэлхийн тавцанд гарч ирэхгүйн учир шалтгаан чухам үүнийг огоордогт л байна. Тэд одоо ч түүхэн үйл явдлуудад маш бүдүүлгээр дүгнэлт өгдөг, түүнийг нь дараагийн үеийн хэн нь ч эрүүл саруулаар няцаах гэж оролдохгүй байна.
       Оролдох гэж оролдсон хүмүүс нь харин түүхчид биш, өнөө цагийн өөрөөр сэтгэгчид болсон Б.Баабар, Ц.Оюунгэрэл нар байв. Тэдний бүтээл дэлхийн тавцанд гарсны бүхэнд тодорхой “нууц” нь ердөө л урьдын түүх бичлэгт эргэлзэж, түүнд бүтээлчээр хандсан явдал билээ. Харамсалтай нь, өнөө л алдар цолоор цайз хэрэм босгосон түүхчид хөгшин залуу бүгдээрээ нийлж дуугаа өндөрсгөөд өнөөх л дүн тавьдаг хоцрогдсон сэтгэлгээгээрээ энэ хоёр хүнд “сайн дурын уран сайханч” гэсэн “үнэлэлт дүгнэлт” өгч, түүнийгээ үзэл суртал, шашны номлол тараах мэт хаа явсан газраа ярьж, атаархлаа ил цагаанаар илэрхийлсээр байх юм.
            Заавал түүхч мэргэжилтэй хүн л түүх бичих албагүй, харин түүхэн баримтыг тал талаас нь нарийн харж, уйгагүй эргүүлж тойруулан “болгож” чадсан хүн л түүх бичнэ гэдгийг тэд амьдрал дээр нотлон харуулсан. Тийм ч учраас тэдний бүтээлийг дэлхий үнэлж, хүн төрөлхтөн бахархаж байна. Гэтэл Монголын мэргэжлийн түүхч, доктор, профессоруудын хэнийх нь ч ном ингэж дэлхийн тавцанд гарч ирж чадаагүй байгаа гэдгийг онцлох ёстой.
            Ардчиллын 20 жилд бичигдсэн түм буман номыг тооцолгүй, зөвхөн 2011 онд хэвлэгдсэн түүхийн номуудыг авч үзэж судлахад дэлхийн тавцанд гарч ирэх шалгуур хангасан нэг ч бүтээл байхгүйг төвөггүй харж болно. 2011 оны номнууд гэдэг биологич Б.Баабарын түүхийн чиглэлээр ном бичиж дэлхийн чихийг сортойлгосноос гурван жилийн дараах бүтээлүүд шүү дээ. Энэ нь шинэлэг сэтгэлгээ Монголын мэргэжлийн түүхчдийн оюун ухаанд бүрэлдэн тогтоход мөн ч их хугацаа шаардахаар байгааг давхар нотолсон хэрэг юм.
            Өрнөдийн түүхчид хайр сэтгэл, адал явдал, романтик орчин, ахуй амьдрал, нэр, цол зэрэг нарийн ширийн зүйлсийг тухайн цаг үед нь хамааруулан орхилгүй авч үздэг. Гэтэл манайхны бичлэгт голдуу догма дүгнэлтүүд уншигдана. Ийм дүгнэлт нь түүхийг гуйвуулсан, өөрийнхөөрөө тайлбарласан хэрэг гэдгийг манай түүхчид ухаарах нь хэзээ бол? Түүхчид гэдэг зөвхөн түүхэн үйл явдлыг баримт нотолгоон дээр үндэслэн тайлбарлаад орхидог, дүгнэлт өгөх эрх нь уншигчдад үлддэг гэдгийг тэд бүрэн ойлгох нь хэзээ бол?
          Өрнөдийн түүхчид урьдах түүхчдийнхээ бүтээлийг няцаадаг, өөрсдөө шинэ зүйл сөргүүлэн тавьдаг  байтал манай түүхчид шинэ санаа шинэлэг үзлийг ямагт няцааж, оронд нь өнөөх л халдашгүй бурхан мэт шүтэгдсэн доктор, професоруудынхаа тэртээд хэлсэн дүгнэлтийг сөргүүлэн тавьдаг. Сэтгэлгээ арга барилын энэ том ялгаа бүрэн арилаагүй цагт Монголын түүхчдийн бүтээл өнгөрсөн зуунд зуун мянган хувь хэвлэгдсэнээрээ толгой цохьсон Маркс Энгельс, Лениний зохиолуудыг ч тооны хувьд гүйцэж чадахгүй. Тэгээд дараагийн зуунд ахиад л Марк, Энгельс, Лениний түүвэр зохиолууд зуун жилийн дотор хамгийн олон хувь хэвлэгдсэн зохиол болон шалгарах вий...