Thursday, May 3, 2012

Танин мэдэхүй хийгээд тахин шүтэхүйн дэнс



        Монгол оронд сүүлийн зуун жилийн дотор хамгийн олон хувь хэвлэгдсэн зохиол нь социалист суртлын эцэг болох Марк, Энгельс, Лениний түүвэр зохиолууд ажээ.  Тэд тус бүр зуун мянган хувь хэвлэгдсэн гэдэг. Зуун хүнд оногдох докторын тоогоороо дэлхийд тавд ордог Монголын эрдэмтдээс тэгвэл хэний ном дэлхийн зах зээлд гарахаа байг гэхэд зөвхөн Монголдоо зуун мянга хүрч хэвлэгдэв?

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цаг үеэсээ танин мэдэхүйн хүсэлдээ хөтлөгдөж, элдвийг эрж хайж, нээж явсаар хорвоо ертөнцийн гайхамшгийг бүтээж, шинжлэх ухаан хэмээх хосгүй зүйлийг хөгжүүлж иржээ. Энэхүү хөгжлийн хөдөлгөгч хүч нь тэгэхээр хүмүүн бидний шинийг мэдэх хүсэл сонирхол, байнгын эрэл хайгуул, эргэлзээ тээнэгэлзэл байж. Тиймдээ ч “танин мэдэхүйн үндэс нь эргэлзээ” гэж дэлхийн олон эрдэмтэд нотлон хэлдэг.

           “Шинжлэх ухааны хөгжлийн хурд” хэмээх онолыг үндэслэсэн АНУ-ын эрдэмтэн Бзежинский  “...бид хүн төрөлхтний бүх л түүхийг 100 км-ийн марафон гүйлт хэмээн жишиж үзье. Тамирчин замынхаа 80 орчим км-ийг туулахад түүнд замын туршид юу ч харагдсангүй, зөвхөн эзгүй хээр тал, уул нурууд л харагджээ. Гэтэл 80 км-ийг өнгөрөхөд эртний Египет, Грек, Ромын эрин үе харагдаж, 90 км болоход Английн хүчирхэгжилт, дундад зууны байлдан дагуулагчдын дайн тулаан үзэгдэж, 98 км-т хүрэхэд Леонардо да Винчи, Микеланджело нар гайхамшигт бүтээлээ туурвиж, 99 км болоход үйлдвэр, заводын барилгууд сүндэрлэж, 100 км болоход сансарын хөлөг, цахим технологийн эрин үе эхэлсэн нь харагджээ” хэмээсэн байдаг. Энэ нь хүн төрөлхтөн олон мянган жилийн турш байгаль, нийгмийн олон талт үзэгдлүүдийг ажиглан, учрыг нь олохын тулд судалж шинжилж, эргэлзэн тээнэгэлзсээр ихэнхи хугацааг өнгөрөөсөн бөгөөд харин сүүлийн 200 жилд л өмнөх үеийнхээ нээсэн ололтууд дээр тулгуурлан, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг маш богино хугацаанд бий болгосны нотолгоо тайлбар юм.
          Харин Монголчуудын хувьд шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн тэрхүү сүүлийн 200 жилийн эхний зууг нь Манжийн дарлал, шарын шашны номлол дор талхилагдан өнгөрөөж, сүүлийн зууг нь коммунист суртлын дор тархиа угаалгаж үджээ.
       Үнэндээ 16-р зууны үеэс эхлэн Монголд ноёрхсон шарын шашин Монголчуудыг сэтгэлгээний үнэмлэхүй хоцрогдолд хүргэсэн бол, 20-р зууныг бараг бүхэлд нь ноёрхсон социалист тогтолцоо сэтгэлгээний тэр хоцрогдлыг улам бататгаж, улмаар түүнийг нь бүр үндэсний онцлог хэв шинж болтол нь давтсан гэлтэй. Учир нь шарын шашин нь багш шавийн уламжлалт харилцаан дээр тогтдог. Шавийн хувьд багшийн хэлсэн үг сургааль нь дагаж мөрдөх хууль мэт, түүнийг ямар ч шүүмжлэлгүйгээр, өөрийн бодол саналыг хэлэх эрхгүйгээр хүлээн авч шүтэн цээжилдэг. Бараг гурван зууныг дамжин хэрэгжсэн энэ тогтолцоо Монголчуудыг багшийнхаа үгийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авдаг болгон сургаж, түүгээр ч барахгүй тийнхүү эргэлзэх нь хүртэл ихээхэн нүгэлд тооцогдох болтлоо даамжирчээ.
        Үүний дараа Монголд мандсан социалист тогтолцоо марксист-ленинист үзэл суртлыг тугаа болгосноор түүний онолын үндэст эргэлзэх, арга барилд асуулт тавих, арай  өөрөөр сэтгэх гэж оролдох нь эгнэшгүй гэмт хэрэг болон хувирав. Энэ үеэс эхлэн Монголын түүхчид, зохиолчид бүгд ганц үзэл сурталд тохируулан түүхийн бүхий л үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгдөг болж, үзэл сурталдаа таарсныг нь сайн, таараагүйг нь муу хэмээн ангилан засварлах болжээ.
            Ийнхүү хүмүүн төрөлхтний танин мэдэхүйн хөгжлийн гол үндэс болсон эргэлзээгээ шашин, үзэл суртал хоёрт бараг гурван зуу гаруй жил таг даруулсан Монголчууд өмнөх үеийнхээ эрдэмтэд, багш нараас өөрөөр сэтгэж, тэдний санааг шүүмжлэх нь байж болшгүй зүйл гэдэг гажуу сэтгэлгээтэй болон хоцорчээ.
            Бие биенээ дайсагнан үзэж, гал ус мэт харш байсан бурхны шашин, социализм хоёрт  нэг ижил зүйл байж. Тэр нь ард түмнийг өөрсдийн сургаалийг үг дуугүй хүлээн авахыг хатуу шаарддаг тогтолцоо байв. Бурхны шашны лам нар өөр шашны хүмүүсийг буруу номтнууд хэмээн дайсагнан жигшдэг бол социализм нь өөрөөр сэтгэгчдийг хувьсгалын эсэргүү хэмээн хядаж байв. Угаасаа завсрын дүрийг хүлээж авдаггүй, хорвоод өөгүй сайн хүн, туйлын муу хүн гэх хоёрхон тал байдаг юм шиг сэтгэдэг Монголчуудад харин ч энэ нь тохирсон мэт. Ингээд нийгмийн тогтолцоо, нүүдэлчдийн сэтгэхүй хоёр нэгэн цэгт огтлолцож, энэ цагийн Монголчуудыг дэлхийн хамгийн хоцрогдсон сэтгэлгээтэй хүмүүс болгосон санагдана.
            Хорьдугаар зууны отгон хувьсгалын үр дүнд Монголд ардчилсан нийгэм тогтнолоо. Ингэснээр сүүлийн 20 гаруй жилд Монголчууд ахуйн болон соёлын хүрээнд нэлээдгүй шинэчлэлийг хийж, цаашдын чигээ тодорхойлсон ч хэдэн зуун дамжин тогтсон өнөөх хоцрогдмол сэтгэхүй нь хөгжлийн замын гадна үлдсээр л... Өнөөх л багшийн юмуу даргын үгийг эргэлзээгүйгээр тусган авч, эргэцүүлэн бодолгүйгээр шууд даган хуйлардаг сэтгэлгээ Монголчуудад, монголын түүхчид, зохиолчдод амь бөхтэй оршсон хэвээр...
            Физик, математик, хими, мэдээллийн технологи зэрэг байгалийн шинжлэх ухаанд эрдэмтэд шинэ нээлт хийж, тэр нь эцсийн хөдөлбөргүй үнэн байх нь элбэг тохиолддог. Гэтэл түүхийн ухаанд тооны хүрд шиг хөдөлбөргүй нотлох эцсийн үнэн гэж бараг байдаггүй. Түүхчид мөнхөд мэтгэлцэн маргаж, шинэ баримт сэлт хайж, түүн дээрээ санаагаа дэвшүүлж, ухаанаа уралдуулдаг өвөрмөц шинжлэх ухаан бол яах аргагүй түүхийн шинжлэх ухаан.
            Гэтэл Монголын зарим түүхчид шарын шашин, социализм зэрэг тогтолцооны гажуудлаас үүдсэн сэтгэлгээний доройтлоосоо гаралгүй хорь гаруй жилийг үзэж, одоо ч түүнээсээ ангижирах төлөвгүй харагдана. Тэдний бүтээл нь зөвхөн Монголд л, түүхчдийнхээ тогоонд л эргэлдэж байна. Учир нь тэд урьд өмнөх үеийнхээ түүхчдийн санааг няцаан шүүмжилж, бүтээлд нь бүтээлчээр хандаж чаддаггүй, тэднийгээ бурханчлан шүтэж, тэртээ олон жилийн өмнө хэлсэн үгийг нь эгээ л тооны хүрд мэт цээжилчихсэн, түүнийг нь эцсийн үнэн мэтээр гаж буруу сэтгэсээр явна.
          АНУ зэрэг өрнөдийн орнуудад түүхийн ухаан нь маш өвөрмөц сэтгэлгээгээр бичигдэн хөгжиж ирсэн байх юм. Эдгээр улс орнуудад аль нэг эрдэмтэн нь түүхийн талаар санаа дэвшүүлэхэд дараагийн үе нь түүнийг няцаан шинэ саналыг зөрүүлэн дэвшүүлж, бас нэг өөр хэсэг нь аль альныг нь огт өөр өнцгөөс харан шүүмжлэх зэргээр байнгын бүтээлч өрсөлдөөн дунд хөгждөг аж. Тэд оюутнууддаа “Аливаа мэдээлэлд ямагт эргэлзэж, түүний хэр үнэн болохыг өөрсдөө мэдэж хай”  хэмээн сургадаг.
         Үнэндээ түүхийн үйл явц, түүхэн зүтгэлтний туулсан амьдралыг цаг хугацаа л шүүн харуулдаг бөгөөд түүний өмнөөс ямар ч ардын гавъяат эрдэмтэн доктор профессор үнэлэлт дүгнэлт өгдөггүй ажээ. Энэ бол зуу зуун жилийн турш хөгжсөн өрнөдийн түүхийн ухааны хамгийн наад захын алтан дүрэм. Цаашлаад өнгөрсөн цаг үеийн үйл явдлыг өнөөгийн хэмжүүрээр хэмжиж хэрхэвч болохгүй гэдэг нь дараагийн дүрэм. Гурав дахь нь, хэзээ ч үлгэр домгийн шинжтэй зүйл бичих ёсгүй.
            Өнөөгийн дэлхий дахинд түүх бичлэгийн алтан дүрэм болоод байгаа энэ гурван зарчмыг одоогийн Монголын түүх бичлэгтэй харьцуулбал арга барил нь үнэндээ балар эртнийх мэт хоцрогдмол харагдана. Тухайлбал, Монголын эрдэмтэд Хубилай хааныг Хятадын Бээжинд нийслэлээ шилжүүлсэн, хууль бусаар хаан болсон гэж дүгнээд түүнийгээ албан ёсны байр суурь болгон илэрхийлдэг. Түүнийг нь ч хэн ч зүрхлэн эсэргүүцдэггүй. Тэгтэл баримт сэлтээс харахад Бээжин хот МЭӨ тооллоос 14-р зуун хүртэлх хугацаанд нүүдэлчдийн газар нутаг байсан байх юм. Тиймээс Хубилай хааныг Хятадад нийслэлээ шилжүүлсэн гэж “албан ёсоор” дүгнэх нь хэр үндэстэй байгаад эргэлзэж, энэ чиглэлээр нэмэлт судалгаа хийж, урьдах дүгнэлтийг няцаах нь түүхийн шинжлэх ухааны эрүүл үзэгдэл болно. Цаашлаад Монголчууд ах захаа маш их хүндэлдэг байсан учраас Аригбөх дүүгийн хувьд ах Хубилайгаасаа өмнө хаан болох ёсгүй байсан, иймээс Хубилайг хууль бусаар хаан болсон гэж дүгнэх нь оргүй зүйл хэмээн няцаах, эсвэл тэс өөр санаа дэвшүүлбэл энэ нь жинхэнэ түүхийн ухаан болно.
            Өнөөдрийн цаг үеийн хэмжүүрээр өнгөрсөнд болсон явдлыг шүүн тунгаах нь байж болшгүй хэрэг бөгөөд хэрэв ингэж үзвэл Модун шаньюй хаан ширээг авахын тулд аавынхаа морь, авааль эхнэр, тэр ч бүү хэл эцгээ алсныг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн, бусдын өмчинд халдсан, хүний амь нас бүрэлгэсэн хэмээн эрүүгийн хуулиар шүүх гэж оролдохтой адил инээдтэй явдал болно. Түүхэн баримт гэдэг түүхий махтай адил учраас түүнийг эрдэмтэд тал талаас нь сэрээдэн эргүүлж, үргэлжлэн мэтгэлцвэл эцэстээ “болсон” түүх болох учиртай.
            Үлгэр домгийн мэдээллээр түүх бичих ёсгүй гэж үздэг өрнөдийн иргэд “Алунга хатан тэнгэрээс буусан цагаан гэрлээр хүүхэдтэй болсон, тиймээс Монголчууд тэнгэр гаралтай” хэмээн бичсэн Монголын түүхчдийн номыг хэзээ ч ойлгохгүй, уншихгүй. Харин “Алунгуа хатны нөхөр Добу мэргэн нас баржээ. Тэр үед Монголчууд нөхөр нь нас нөгчвөл дүүтэй нь суух, эсвэл явалдах уламжлалтай байсан учраас Алунгуа хатан Добу мэргэний дүү юм уу, эсвэл хамаатны нэг эртэй холбоотой болсон байна. Хожим Алунгуа хатан хүүхдүүддээ “Шөнө бүр тэнгэрээс цагаан гэрэл орж ирээд үүр цайхад шар нохой мэт шарвалзан оддог” гэж хэлсэн. Энэ нь шөнө болгон цагаан гэрэл мэт царайтай эр хүн орж, шөнө Алунгуатай хоноглоод үүр цайхад шар нохой мэт хурдан түргэн гарч явдаг гэсэн үг юм” гэх зэргийн санаагаар тайлбарлавал илүү сонирхон ойлгоно.
            Чухамдаа түүх гэдэг нь үргэлж шинэ санаа, маргаан мэтгэлцээнээр л хөгжиж бүтдэг зүйл бөгөөд Монголын түүхчдийн ном бүтээл яагаад дэлхийн тавцанд гарч ирэхгүйн учир шалтгаан чухам үүнийг огоордогт л байна. Тэд одоо ч түүхэн үйл явдлуудад маш бүдүүлгээр дүгнэлт өгдөг, түүнийг нь дараагийн үеийн хэн нь ч эрүүл саруулаар няцаах гэж оролдохгүй байна.
       Оролдох гэж оролдсон хүмүүс нь харин түүхчид биш, өнөө цагийн өөрөөр сэтгэгчид болсон Б.Баабар, Ц.Оюунгэрэл нар байв. Тэдний бүтээл дэлхийн тавцанд гарсны бүхэнд тодорхой “нууц” нь ердөө л урьдын түүх бичлэгт эргэлзэж, түүнд бүтээлчээр хандсан явдал билээ. Харамсалтай нь, өнөө л алдар цолоор цайз хэрэм босгосон түүхчид хөгшин залуу бүгдээрээ нийлж дуугаа өндөрсгөөд өнөөх л дүн тавьдаг хоцрогдсон сэтгэлгээгээрээ энэ хоёр хүнд “сайн дурын уран сайханч” гэсэн “үнэлэлт дүгнэлт” өгч, түүнийгээ үзэл суртал, шашны номлол тараах мэт хаа явсан газраа ярьж, атаархлаа ил цагаанаар илэрхийлсээр байх юм.
            Заавал түүхч мэргэжилтэй хүн л түүх бичих албагүй, харин түүхэн баримтыг тал талаас нь нарийн харж, уйгагүй эргүүлж тойруулан “болгож” чадсан хүн л түүх бичнэ гэдгийг тэд амьдрал дээр нотлон харуулсан. Тийм ч учраас тэдний бүтээлийг дэлхий үнэлж, хүн төрөлхтөн бахархаж байна. Гэтэл Монголын мэргэжлийн түүхч, доктор, профессоруудын хэнийх нь ч ном ингэж дэлхийн тавцанд гарч ирж чадаагүй байгаа гэдгийг онцлох ёстой.
            Ардчиллын 20 жилд бичигдсэн түм буман номыг тооцолгүй, зөвхөн 2011 онд хэвлэгдсэн түүхийн номуудыг авч үзэж судлахад дэлхийн тавцанд гарч ирэх шалгуур хангасан нэг ч бүтээл байхгүйг төвөггүй харж болно. 2011 оны номнууд гэдэг биологич Б.Баабарын түүхийн чиглэлээр ном бичиж дэлхийн чихийг сортойлгосноос гурван жилийн дараах бүтээлүүд шүү дээ. Энэ нь шинэлэг сэтгэлгээ Монголын мэргэжлийн түүхчдийн оюун ухаанд бүрэлдэн тогтоход мөн ч их хугацаа шаардахаар байгааг давхар нотолсон хэрэг юм.
            Өрнөдийн түүхчид хайр сэтгэл, адал явдал, романтик орчин, ахуй амьдрал, нэр, цол зэрэг нарийн ширийн зүйлсийг тухайн цаг үед нь хамааруулан орхилгүй авч үздэг. Гэтэл манайхны бичлэгт голдуу догма дүгнэлтүүд уншигдана. Ийм дүгнэлт нь түүхийг гуйвуулсан, өөрийнхөөрөө тайлбарласан хэрэг гэдгийг манай түүхчид ухаарах нь хэзээ бол? Түүхчид гэдэг зөвхөн түүхэн үйл явдлыг баримт нотолгоон дээр үндэслэн тайлбарлаад орхидог, дүгнэлт өгөх эрх нь уншигчдад үлддэг гэдгийг тэд бүрэн ойлгох нь хэзээ бол?
          Өрнөдийн түүхчид урьдах түүхчдийнхээ бүтээлийг няцаадаг, өөрсдөө шинэ зүйл сөргүүлэн тавьдаг  байтал манай түүхчид шинэ санаа шинэлэг үзлийг ямагт няцааж, оронд нь өнөөх л халдашгүй бурхан мэт шүтэгдсэн доктор, професоруудынхаа тэртээд хэлсэн дүгнэлтийг сөргүүлэн тавьдаг. Сэтгэлгээ арга барилын энэ том ялгаа бүрэн арилаагүй цагт Монголын түүхчдийн бүтээл өнгөрсөн зуунд зуун мянган хувь хэвлэгдсэнээрээ толгой цохьсон Маркс Энгельс, Лениний зохиолуудыг ч тооны хувьд гүйцэж чадахгүй. Тэгээд дараагийн зуунд ахиад л Марк, Энгельс, Лениний түүвэр зохиолууд зуун жилийн дотор хамгийн олон хувь хэвлэгдсэн зохиол болон шалгарах вий... 
 

No comments:

Post a Comment