Saturday, November 24, 2012

Сэтгэл зүйн дайнд - 25 жил

     Доор нийтэлж буй товч өгүүлэмж нь Зөвлөлтийн цэргийн тагнуулын газарт шургалсан Америкийн туршуул, хошууч генерал Д.Ф.Поляковын тухай юм. Тэрээр бүхэл бүтэн хорин таван жилийн турш (1961-1986 он) АНУ-ын Тагнуулын Төв газар болон Холбооны Мөрдөх Товчооны тагнуулаар ажиллажээ. Стратегийн асар чухал мэдээлэл, нууц баримт сэлтийг АНУ-д талд өгч, Зөвлөлтийн олон туршуулыг илчилсэн Д.Поляков хамгийн хачирхалтай нь үүнийхээ төлөө ганц доллар ч аваагүй гэдэг. Түүний тухай КГБ-ын хурандаа В.Черкашины «Тагнуул элсүүлэгч» номноос хэсэгчлэн нийтлэв.

       Энэтхэг дэх ГРУ-гын резидент нь улаа бутарсан царайтай Дмитрий Поляков гэдэг хурандаа байлаа. Тэрээр элчин сайдын байранд бусадтай хамт амьдрах мөртлөө КГБ-ын ажилтнууд болон дипломат албаны хүмүүсээс зайгаа их барина. Ажилдаа эрч хүчтэй хандах Поляков ерөнхийдөө тайван дөлгөөн, сэтгэл хөдлөл багатай хүн ажээ. Би түүнийг хагартлаа уурлаж байхыг ганц удаа л харсан юм.
Д.Поляков гэргийн хамт Кремлийн хүлээн авалт дээр. 1972 он
       Поляков өөрийнхөө орлогчийг Медянник, Шебаршин нартай нөхөрлөхийг нэг их сайшаахгүй агаад КГБ-ын товчлогчид ярьж байгаа зүйлд бодолтой хандахыг анхааруулдаг байв. Гэхдээ биеэ хэрхэн авч явах тухай хурандаагийн зөвлөгөө надад таалагдсан. Болгоомжтой байх тодорхой шалтгаантай эсэхийг би сайн мэдэхгүй байлаа. 1972 онд Поляковтой анх уулзсан тэр үед мань эр аль хэдийнээ арав гаруй жилийн туршид Тагнуулын төв газрын төлөө Бурбон, Холбооны Мөрдөх Товчоонд Тофат нууц нэрээр тагнуул хийж байв.
       1961 онд Нью-Йорк хотод аялж явахдаа Поляков элсүүлэгджээ. Поляковыг урвахад нөлөөлсөн гол шалтгаан нь түүний хүүгийн хувь тавилан байлаа. 1961 онд түүний гурван хүүгийн хамгийн бага нь өвдсөн юм. Хүүгийнхээ амийг аврах хагалгааг Нью-Йоркийн эмнэлэгт хийлгэх зөвшөөрлийг ГРУ-гаас Поляков хүсчээ. Хүсэлтийг нь тэд хүлээн авсангүй. Поляков юу ч хийж чадахгүй байсаар хүүгээ алджээ. Энэ явдлаас хойш тун удалгүй АНУ-ын өндөр албан тушаалын цэргийн офицертэй уулзаж, Холбооны мөрдөх товчоонд элссэн ажээ. Тэр ГРУ-гын нууц ажиллагааны тухай үнэтэй мэдээлэл зэрэг улсын чухал нууцад нэвтрэх боломжтой байлаа. Цөмийн стратеги, хими ба биологийн зэвсгийн судалгаа шинжилгээний ажил, цэргийн төлөвлөлт зэрэг мэдээллийг тэр ил болгожээ. Түүнчлэн танк эсэргүүцэгч пуужин зэрэг Зөвлөлтийн зэвсэглэлүүд, Вьетнамын дайны үеийн Виетконгийн нөхцөл байдал, улс орны удирдагчдад зориулан хэвлэсэн онц чухал нууц төлөвлөгөө болон стратегийг хэлэлцсэн тэмдэглэл зэрэг Улаан Армийн үзэл санааны тухай нэг зуу гаруй нууц бичиг баримтыг АНУ-ын талд дамжуулсан байна.
    1970 оны үеэс Хятад улстай харилцаа муудаж байгааг Поляков мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон 1972 онд Бээжинд айлчлах түүхэн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдэг. Энэ бол Коммунист Хятадтай нээлттэй харилцах эхний алхмыг хийсэн чухал айлчлал байв. Үүнээс гадна олон тооны тагнуулыг Поляков илчилсэн юм. Түүний өгсөн мэдээллээр бидний талд ажиллаж байсан Британий нэг, Америкийн цэргийн зургаан офицерыг илрүүлжээ.
      Нягтлан бодогчийн хүү Поляков 1921 онд Украйнд төржээ. Тэрээр Пеньковскийтэй адилхан  Дэлхийн хоёрдугаар дайны үед их бууны офицер байхдаа шагнуулж байв. 1950 онд НҮБ-ын дипломат халхавчаар ажиллахаар Нью-Йорк руу томилогдохоос өмнө тэр Жанжин штабт ажиллаж байлаа. Ажилдаа амжилт гаргасан түүнийг буцаан татаж, ГРУ-ын орлогч резидентээр томилов. Америкчуудын төлөө тагнуул хийж эхэлснээс хойш Поляков Бирм, Энэтхэг улсад ажилласан бөгөөд 1974 онд хошууч генерал цол хүртжээ. 1978 онд сэжиглэгдэж эхлэх хүртэл Поляков Америкийн талд арван найман жилийн турш тагнуулж хийсэн байна.
       1979 онд Нью-Йорк дахь Холбооны Мөрдөх Товчооны ажилтан Оросын талд урваж, Поляковыг АНУ-ын тагнуул гэдгийг мэдэгджээ. Тэрхүү залуу ажилтан бол Роберт Ханссен байв.
Д.Поляковыг баривчлан шоронд хүргэж буй нь. 1986 он
Поляковын тухай Ханссены өгсөн тагнуулын мэдээллийг үгүйсгэх аргагүй байв. 1980 онд ГРУ Делид үүрэг гүйцэтгэж байсан генералыг эргүүлэн татаж, Москвад ажиллуулахаар томилжээ. ГРУ түүнийг шууд баривчлаагүй юм. Хэдийгээр олон эх сурвалж Поляковыг Америкийн тагнуул гэдгийг нотлож байсан ч өндөр тушаалын ажилтнуудын нэг нь урвасан гэдэгт ГРУ итгэхгүй байлаа. Ханссены тагнуулын мэдээг ГРУ дотноор хүлээж авсан юм. Поляковын талаарх мэдээлэл шууд бус нотлох баримт тул албаны хүмүүст мөрдөн байцаалт явуулах хангалттай нотлох баримт дутагдаж байв. Үүнийг манай байгууллагын ажилтны нэр хүндийг унагах Америкчуудын оролдлого гэж Поляковыг дэмжигчид тайлбарлана. Магадгүй байгууллагын нэг албан хаагч нь эх орноосоо урвасан гэмт хэргээр буруутгагдан шүүхээр орохыг ГРУ-гын удирдлага хүсээгүй байх. Харин КГБ энэ хэргийн гадна байсан юм.
Д.Поляков шүүх хурал дээр. 1988. Түүнийг буудан хороожээ.
      Мөрдөн шалгах ажиллагаа түүний мөрөөр орсон гэдгээс эмээсэн генерал Поляков Москвад ирсэн даруйдаа тэтгэвэрт гарч, ГРУ ч мөрдөн байцаалтаа зогсоов. Тэр цагаас хойш Поляков олны анхаарлыг татахгүй байхыг хичээж, эх орондоо ихэнхи цагаа өнгөрөөж байлаа. Түүний стратеги үр дүнгээ өгчээ. 1986 он хүртэл тэр амар тайван амьдарсан бөгөөд энэ удаа түүнийг Алдрич Амес илчилсэн юм.
        1986 оны долдугаар сарын 4-ны баасан гарагт Д.Поляков өөрийн зусландаа амарч байв. Ирэх даваа гарагт тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүндэтгэх ёслолын ажиллагаа ГРУ-гын төв байранд болох тул оролцоно уу гэсэн урилга түүнд иржээ. Түүнийг удахгүй баривчлана гэсэн сэжиг төрөх шалтгаан байв. Учир нь түргэн тусламжийн хоёр машин тэдний байшингаас холгүй байнга зогсох болсон нь Поляковыг нууцаар хянаж байгааг харуулах илэрхий шинж тэмдэг байлаа. Даваа гарагт Поляков ГРУ-гын албан байранд ирэв.
      Хаалгаар оронгуут Поляковыг баривчилж, нэгжлэг хийн хувцсыг нь сольж, шоронд хийжээ. Түүнийг 1988 онд Цэргийн шүүхээр оруулж, цаазаар авсан юм. Тэгэхэд тэр 67 настай байв.
     



      
        

Эрх ашгийн тэнцвэр


       Манай урд хөрш Хятадын төрийн бодлогыг тодорхойлсон Коммунист Намын их хурал хуралдлаа. Дэлхий нийт Хятад Улс дараагийн арван жилд ямар бодлогыг явуулахыг ширтэн ажиж байна. Гэвч манай улсад хөршүүд, ялангуяа Хятадын тухай дорвитой судалж буй судлаач нэн цөөхөн буй нь харамсалтай. Уул нь, холын Америкаас хоёр хөрш маань бидэнд илүү нөлөөлөх учиртайсан. Миний бие Хятадын их хурлын тухай сонинд хэвлүүлсэн «Эрх ашгийн тэнцвэр» хэмээх нийтлэлээ блогтоо тавилаа. Уншин соёрх.  

            Гарц хайсан мухардал

Дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн хүчин болох Хятадын Коммунист Намын их хурал өндөрлөлөө. Уг их хурлаар Хятадын шинэ удирдлагыг сонгож, нам – төрийн цогц бодлогыг төгөлдөршүүлэв. Олон улсын харилцаа Хятадаас ихээхэн хамааралтай болж, «дэлхийн төв» Европоос Азид шилжих үйл явц хурдацтай өрнөж буй энэ эринд Хятадын ирээдүйн замналыг тодорхойлох их хурлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байлаа. Ялангуяа манай орны тогтвортой хөгжил гадаад орчноос, тодруулбал Хятадаас шалтгаалдаг учир энэ асуудалд бид цэрвэж хандах ёсгүй.
Гэвч коммунист оронд намын их хурал нь бодит «эрх дарх» бүхий субьект биш, харин удтал далд бэлтгэсэн бодлого, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, нэгэнт төлөвлөгдсөн эрх мэдлийн шилжилтийг олон нийтэд албан ёсоор сонордуулах «үзүүлбэр» төдий байдаг. Тиймээс энэ их хурлыг Хятадын тухай дэвшүүлсэн үй олон таамаглалуудын эцсийн тайлал, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох сэжүүр гэж үзвэл зохилтой.
Төрийн оролцоо давамгайлсан эдийн засаг нь саармагжиж, эрх чөлөөг хязгаарласан нийгэм нь бухимдалд автаж, улс төрийн нөхцөл хурцадсан Хятад орон мухардлыг гэтлэх гарцыг энэ их хурлаар томьёолов. Тэр нь «эдийн засгийн шинэ загвар» болон «шинжлэх ухаанч хөгжлийн үзэл» юм. Уг томьёоллын үндсэн цөм нь хөрөнгө оруулалтыг баримжаалсан эдийн засгаас хэрэглээний эдийн засагт шилжих явдал билээ. Энэхүү эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь Дэн сяо-пин-ы бодлого үеэ өнгөрөөснийг нотлож, Хятадын Коммунист Нам дахь консерватив бүлэглэл ялагдаж, Ху жинь-тао, Вэнь жя-бао нарын эдийн засгийн шинэчлэлийн зоримог санаа бүрэн ялсныг харуулж байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямрал, нийгмийн зөрчил нь Хятадын тогтвортой байдалд шууд нөлөөлсөн билээ. Хотжил, хүн амын өсөлт нь дотоод хэрэглээг эрчимтэй өсгөж, мөн төрийн хэт оролцоо нь эдийн засгийг хямралд автуулах гол шалтгаан болжээ. Гучин жил ямагт өсөлтийн прогресстэй (10%-аас дээш) байсан Хятадын эдийн засаг энэ онд анх удаа 7.4% болж илт буурав. Мөн онд Дэлхийн банк Хятадын шинжээчидтэй хамтран «2030 он хүртлэх Хятад» гэх нээлттэй илтгэл нийтлэв. Гол утга нь төр эдийн засагт өөрийн хувийг багасгахгүй бол Хятад улсад ноцтой хямрал учрахыг сануулаад энэ нь ДНБ-ны өсөлтийг саармагжуулсан. Учир нь хүнд суртал улсын үйлдвэрүүдийг үр бүтээлтэй удирдахад саад болж, ашиг орлогоороо хувийн компаниудаас хоцорч байна. Хятад дэлхийн зах зээлд ямар байр суурь эзэлдгийг харгалзан үзвэл тус улсад тулгарсан асуудлууд дэлхийн хямралыг цочроож мэднэ гэж дүгнэжээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийн 50%-ийг эзэлж байна.
Хятадын эрх баригчид шинэчлэлийг яаравчлан өрнүүлэх болсон хамгийн гол шалтгаан нь ДНБ-ний өсөлт огцом буурсантай холбоотой. Хөгжлийн сонгодог загвар хэмээгддэг Хятадын онцлогтой социализм нь ДНБ-ний тасралтгүй өсөлт, төрийн зохицуулалтад тулгуурладаг бөгөөд энэ өсөлт ганхахад систем нь хурц хямралд автах аюул тулгараад байсан юм.
Удтал дуншсан эдийн засгийн шинэчлэл ийнхүү эрчээ аван хөдөллөө.

Далд улс төр

Хэдийгээр намын их хурал нь тус орны ашиг сонирхол, төрийн бодлогыг ухаж ойлгох үндсэн сэжүүр боловч гагцхүү орчин үеийн Хятадын дотоод улс төрийн түүх л түүнийг илүү гүнзгий тольдон харах шидэт тусгал мөн.
Сүүлийн арав орчим жил буюу Ху жинь-тао-гын засаглалын үед Хятадын улс төр нь гаднаа ихэд аядуу, нэгдмэл шинжийг агуулж байсан ч үнэндээ намын доторхи хүчирхэг бүлэглэлүүд ширүүн тэмцэлдэж, энэ тэмцэлд хутгалдсан олон хүний улс төрийн хувь заяа гунигтай төгссөн билээ. Хөшигний ард өрнөсөн нууц тэмцлүүд элдэв нэр хаяг, шалтаг шалтгаанаар халхавчилсан халаа сэлгээ, шийтгэл зэмлэлээр илэрч байв. Орчин үеийн Хятадын дотоод улс төрийг товч дүгнэе гэвэл «уушгинд гал дүрэлзэвч утаагаа хамраараа эс гаргана» гэх цэцэн үгтэй зүйрлэж болох юм.   
Хятадын улс төрд эрх ашиг, үзэл бодол, үүсэл гарлаараа нэгдсэн гурван бүлэглэл бий. Тэдгээр нь үе дамжсан элит удирдагчид болох «Тайж нарын бүлэглэл», орон нутгийн намын дарга нар, бизнесменүүдийн дэмжлэгийг хүлээдэг «Шанхайн бүлэглэл», өөртөө итгэлтэй, либерал үзэлтэй залуу улс төрчдийн найдлагаа тавьдаг «Коммунист залуучуудын эвлэлийн бүлэглэл» юм. 1992 оноос эхлэн энэ гурван бүлэглэл Хятадын төрийг эрхийг ээлжлэн барьж ирэв. Эдгээр бүлэглэлүүдийн үүсэл, төлөвшил нь орчин цагийн Хятадын түүхэн хөгжлийн замналыг эрхгүй санагдуулдаг.
1978 онд эдийн засгийн шинэчлэл эхлэхэд уг нүсэр зорилтыг гардан удирдах учиртай мужийн дарга нарын эрх мэдэл нэмэгдэж, аажмаар нэн хүчирхэг бүлэглэл болж хувирав. Тэднийг Шанхай мужийн намын хорооны дарга Жян зэ-минь толгойлж, тэрээр 1992 онд төрийн эрхэнд гарснаар тэдний хорь орчим жилийн дархлагдсан ноёрхол эхэлжээ. Тэд «эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, дэлхийн зах зээлд ноёлох, ДНБ-ыг нэмэх, мөн эдийн засаг, улс төрийн хяналтыг хувь хүний эрх чөлөөг хязгаарлах замаар төрд төвлөрүүлэх бодлогыг» эрс хатуу дэмждэг. Энэ нь өдгөө хүртэл үргэлжилж буй Хятадын өнгө төрх билээ.  
Нийгэм залуужихын хэрээр 73 сая гишүүнтэй «Коммунист залуучуудын эвлэл»-ийн нэр нөлөө улс төрд жин дарах болж, Хятадын Коммунист Намтай (82 сая гишүүнтэй) эн зэрэгцэж эхлэв. Чухам тэр үед Залуучуудын эвлэлийн угшилтай идэрхэн улс төрчид (Ху жинь-тао, Вэнь жя-бао) дээд удирдлагад дэвшин тодорч, улмаар 2002 онд төрийн эрхэнд гарчээ. Дэн Сяо-пин-ы бодлого үеэ өнгөрөөж, ээдрээтэй мухардлууд тулгамдаж эхлэхэд гарц хайн ядалдсан тэд «улс төрийн шинэчлэлийг зарлаж, эдийн засгийн хэт өсөлтийг саармагжуулж, баян ядуугийн ялгааг арилгаж, нийгмийн хамгааллыг сайжруулах» бодлогыг дэмжих болсон юм. Гэвч 2002-2012 оны үед Хятадын улс төрд Шанхайн бүлэглэлийн нөлөөлөл хүчтэй байсан учир аргагүй азнахад хүрчээ.
1989 оны Тянь ань мэнь талбайн бослого болон социалист системийн уналтын дараа хашир, сэжигч намын ахмад удирдагчид өөрийн үр, хөвгүүд болон шалгарсан үнэнч коммунистуудын хүүхдүүдийг төрийн дээд албанд итгэмжлэн дэвшүүлснээр үе дамжсан элит давхарга «Тайж нарын бүлэглэл» үүсэв. Бослого, уналтанд цочирдсон ахмад хувьсгалчид чухам үр удам нь л эцэг өвгөдийнхөө үзэл бодлоос эс няцаж, үйл хэргийг нь тууштай өвлөн үргэлжлүүлнэ гэж санажээ. Парламентын орлогч дарга нар болох Бо И-бо, Ши жүн-шүнь, Чэнь-и нарын хөвгүүд болох Бо ши-лай, Ши жинь-пин, Чэнь-соу, Дэд ерөнхий сайд Яао и-линь-ы хүргэн Ван чи-шань болон нийт гурван зуу гаруй элит улс төрчид энэ бүлэглэлд багтдаг билээ. Тэд үзэл бодол, зорилго тэмүүллээрээ «Шанхайн бүлэглэл»-тэй нэн ойр.
13 жил төр барьсан Жян зэ-минь болон түүний баг 2002 онд тэтгэвэрт гарч, залуу лидер Ху жинь-тао, Вэнь жя-бао нар тэднийг залгамжлав. Гэвч шинэ удирдлагын есөн гишүүний долоо нь «Шанхайн бүлэглэл»-ийн төлөөлөл, мөн Жян зэ-минь цэргийн эрхийг атгасаар байсан нь Ху жинь-тао-г «өргөмжит удирдагч» болгоход хүргэжээ. Харин хоёр жилийн дараа Ху жинь-тао хууль ёсоор зэвсэгт хүчнийг захирах болж, зоримог, шийдэмгий зан чанар нь ажил хэрэгт нь тодрон илэрч эхэлсэн юм. Тэрээр 2007 онд намын ээлжит их хурлын өмнө Жян зэ-минь-ий «Шанхайн бүлэглэл»-ийн эсрэг дайралт хийв. Синьхуа агентлаг «намын доторхи элдэв бүлэглэлтэй хатуу тэмцэхийг» уриалсан нь мэдээж намын дарга Ху жинь-тао-гын байр суурь хэмээн ойлгогджээ. Удалгүй Шанхай мужийн намын дарга Чэнь лян-юй-г авилгалын хэргээр баривчилж, уг дуулианыг улам дэвэргэж, улмаар намын дараачийн удирдагч гэгдэж байсан Зэн чин-хуныг тэтгэвэрт нь гаргаснаар ээлжит цохилтууд хийгджээ. 2007 онд ХКН-ын 17-р их хурлаар Ху жинь-тао-гын залгамжлагч тодрох ёстой байсан. Судлаачид тухайн үед олон хүнийг таамаглаж байсан хэдий ч их хурлын сүүлчийн өдөр бүгд няцаагдав. Их хурлаар хэний ч таамаглаагүй Шанхай мужийн намын дарга Ши жинь-пин-ийг Ху жинь-тао-гын залгамжлагчаар тодруулж, БНХАУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэгэхэд албан бус зарим эх сурвалж «Ху жинь-тао залгамжлагчаараа өөрийн фракцын төлөөлөл болох Коммунист Залуучуудын Эвлэлийн дарга Ли Кэ-чяныг тодруулахаар оролдсон ч цохилтонд балмагдсан Жян Зэ-минь зэрэг хуучин удирдагчид Төв Хорооны ихэнхи хувийг эзэлдэг орон нутгийн намын дарга нарын хүчинд дулдуйдан түүнд саад хийлээ» гэж таамагласан нь үнэнд дөхөх болов уу. Ху жинь-тао Ли-кэ-чян-ыг залгамжлагчаа болгож чадаагүй ч гэсэн дэд ерөнхий сайдаар томилж, өдгөө Ли Кэ-чян Хятадын Ерөнхий сайдаар сонгогдох гэж буй билээ. 
Нэр төртэй ахмад хувьсгалчын хүү, Ардын чөлөөлөх армийн офицер, орон нутгийн намын нөлөө бүхий зүтгэлтэн, танил талын итгэлцэл, бизнесийн хүрээний найдлагыг биедээ татдаг Ши жинь-пин эцэстээ «Шанхайн бүлэглэл», «Тайж нарын бүлэглэл», зэвсэгт хүчин, орон нутгийн намын дарга нарын дэмжлэгээр Ху жинь-тао-гын залгамжлагчаар тодорсон юм. Далд өрнөсөн «Шанхайн бүлэглэл» болон «Коммунист Залуучуудын эвлэлийн бүлэглэл»-ийн хурц ширүүн өрсөлдөөн тэнцлээр өрнөж, харилцан буулт хийснээр өндөрлөжээ.

          Угтах ирээдүйд юу хүлээнэ вэ?

Өнгөрсөн таван жилд дээрхи хоёр бүлэглэл эдийн засгийг удирдан хөтлөх арга барилын талаар сүрхий зөрчилдөв. Залуу улс төрч Бо ши-лай Чунчин хотыг удирдахдаа хяналтыг чангатгаж, төрийн оролцоог эрс нэмэгдүүлж, субботникийн зарчмаар иргэдийг залж, статизмын бодлого одоо ч хуучраагүйг амьдрал дээр нотлохыг хичээсэн нь «Шанхайн бүлэглэл»-ийн үзэл бодлын биет загвар болжээ. Үүний эсрэг Ху жинь-тао, Вэнь жя-бао нар өөрсдийн үзэл баримтлалыг тусгаж, харьцангуй либерал, иргэний оролцоо, хяналтыг нэмэгдүүлсэн, намаас илүү төрийн байгууллагад эрх дарх олгосон, ил тод байдлыг чухалчилсан туршилтыг Өмнөд Хятадын Гуандун мужид хийж, тус мужийн намын дарга Ван ян-аар гардан удирдуулжээ. Тэс өөр үзэл баримтлал бүхий хоёр туршилтын бүс нутгийн ялгаа хэдхэн жилд улам холдож, Гуандун муж илт ялгаран хөгжив. Үүнд зарим дэвсгэр нөхцөл, инерц, газар зүйн байршил ч бас нөлөөлсөн юм.
Бо ши-лай бол өнөө цагт Хятадад тийм ч олон тохиохгүй хатуу коммунист, Маоист улс төрч гэдгээ ажил хэрэгтээ нотлон харуулсан байдаг. Тэрээр Чунчин хотын телевизүүдээр зар сурталчилгаа явуулахыг хориглож, оронд нь Соёлын хувьсгалын үеийн дуу, шүлэг нэвтрүүлж, Мао Зэ-дун-ы афоризмуудыг иргэдэд мессежээр түгээж, оюутнууд, төрийн албан хаагчдыг тосгонд амьдрал судлуулахаар илгээж байв. Харин Ван ян Гуандун мужаар аялан иргэдэд ардчилалыг ухуулж, Ду-дань хотод анхны чөлөөт сонгуулийг туршилтын журмаар явуулахад жаран мянган оршин суугч саналаа өгчээ.
 Өнгөрөгч оны сүүлчээс эхлэн «Коммунист Залуучуудын Эвлэлийн бүлэглэл» Бо ши-лай-н эсрэг дайралт хийж эхэлжээ. Ерөнхий сайд Вэнь жя-бао түүнд таагүй ханддагаа огт нуулгүй, «тэр (Бо ши-лай) Соёлын хувьсгалын айдсыг дахин сэргээв» гэж шүүмжилсэн бөгөөд Чунчин хотод орон нутгийн намын байгууллагын хэт хатуу захиргаадалтыг эсэргүүцсэн иргэдийн бослого, тэмцэл улам ширүүсч, төд удалгүй «Ван ли жүнь-ий хэрэг явдал» хийгээд «Гу кай-лай-н дуулиан» дэгдэн Бо ши-лай-г албанаас нь чөлөөлжээ. Улс төрийн хатуу тоглоомд ялагдсан Бо ши-лай-н улс төрийн хувь заяа гунигтай төгссөнийг бүгд мэдэх билээ.
2012 оны арван нэгдүгээр сарын 15-нд ХКН-ын 18-р их хурлаас сонгогдсон Төв Хорооны анхдугаар бүгд хурлаар дээд удирдлагын долоон гишүүнийг сонгов. Үүнээс дөрөв нь «Тайж нарын бүлэглэл», харин гурав нь «Коммунист Залуучуудын Эвлэлийн бүлэглэл»-ийн төлөөлөл бөгөөд Ши жинь-пин, Ли Кэ-чян нараас бусад нь 65-67 настай ахимаг улс төрчид ажээ. Тэдний явуулах бодлого нь эрс тэс биш, харин чамбай дэнсэлсэн, нэн хашир, тэнцвэртэй шинжийг агуулах бололтой гэж шинжээчид үзэж байна. Уг таамаглал нь тухайн удирдагчдын хувийн зан төрх, туулсан амьдрал, үзэл баримтлалд тулгуурласан нь мэдээж.
Ерөнхийлөгч Ху жинь-тао уламжлал ёсоор цэргийн эрхийг атгаж, дээд удирдлага дахь өөрийн фракцын төлөөллөөр дамжуулан нэр нөлөөгөө хадгалах бололтой гэж олон хүн таамагласан хэдий ч тэрээр Ши жинь-пинд бүх эрх дархаа шилжүүллээ. Ху жинь-тао 2002 онд намын дарга болсон боловч хуучин удирдагч Жян зэ-минь зэвсэгт хүчнийг үргэлжлэн удирдаж байсан нь тэдний бодлого өөр байсантай холбоотой. Харин өдгөө Ху жинь-тао нам, төр, цэргийн бүх эрхийг шинэ удирдагч Ши жинь-пинд шилжүүлсэн нь үзэл баримтлал нь нэгэн цэгт огтлолцож, түүнд бүрэн итгэл хүлээлгэснээр тайлбарлаж болох юм.    
Ши жинь-пин ойрын жилүүдэд бие даасан шийдэмгий бодлого явуулах бодит боломж, таатай орчин, улс төрийн нөхцөл тун эевэргүү байна. Ху жинь-тао, Вэнь жя-бао нар «шинэчлэл»-ийг улс төр, эдийн засгийн цогц утгаар ойлгож байсан бол шинэ удирдагчид нь зөвхөн эдийн засгийн хүрээгээр хязгаарлах төлөвтэй байна.
Хятад улс гадаад болон дотоод орчны нөлөөллөөс улбаалж, эдийн засгийн саармагжилд автав. Гэвч төрийн шинэ бодлого хэмээн чухалчлагдсан «эдийн засгийн шинэ загвар» нь алс хэтдээ хямралыг даван туулах, тогтвортой хөгжлийг буй болгох урьдач нөхцөл нь болж байгаа билээ.
Хүн ам сийрэг, бусдад нөлөөлөх чадавхи сул манай орны эдийн засаг аугаа их хоёр хөршөөс бүрэн хамааралтай (гадаад худалдааны 56%, нүүрсний экспортын 94% Хятадаас хамаардаг) тул тэдгээр оронд үүссэн хүчит салхи бидэнд давалгаа болохыг үгүйсгэхгүй. Гэвч ойрын жилүүдэд тийм ноцтой төлөв ажиглагдахгүй байна. Учир нь Хятадын (хөрөнгө оруулалтыг баримжаалсан) эдийн засаг саармагжсан боловч хэрэглээ нь эрчимтэй өссөн. Энэ жилийн хэрэглээний үзүүлэлт нь 2002 оноос хойш анх удаа хөрөнгө оруулалтын салбарын статистикаас давсан болохыг шинжээчид онцолжээ. Гэхдээ Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр хэрхэн хэлбэлзэхээс олон зүйл шалтгаалах билээ.
Бага жижиг орны гадаад эдийн засгийн бодлого нь үндэсний хувь заяаны залуур болдог. Монгол Хятадын харилцаа нь гүнзгий шинж чанартай боловч агуулга муутай. Хятадын талаар баримтлах нэгдсэн бодлого, асуудлыг далайцтай шийдэх механизм, төрийн бүтэц үгүйлэгдэж буйг судлаач, шинжээчид ахин дахин хэлсээр иржээ. Түүнчлэн Монгол дахь үндсэрхэг үзлийн хэт дэврүүн номлол нь хоёр орны харилцаанд аймшигтай жавар болж байна.   
Хятад Улс урьдын идэвхитэй бодлогоос түр татгалзаж, эдийн засгийн бүтцийн шилжилт хийхэд анхаарч эхэллээ. Гэхдээ үүнийг «Хятад балмагдан доройтсон хэрэг огт биш. Харин дараагийн агуу зорилгодоо төвлөрч байна» гэж дүгнэвэл зохимжтой болов уу. 














Tuesday, November 20, 2012

Оросын Гадаад тагнуулын албаны дарга «амиа хорлов».

    2012 оны 3 дугаар сарын 31-ны жихүүн үдэш....Тэр өдөр хичээл ордоггүй тул гэртээ ТВ-ийн суваг сольж суутал BBC агентлаг «Оросын тагнуулын төв байгууллага болох КГБ-ын сүүлчийн дарга, дэслэгч генерал Леонид Шебаршин далан долоон насандаа өөрийгөө буудаж, амиа егүүтгэв» гэх товч мэдээ явав. Надад огтоос хамаагүй, алсад зүүд зэрэглээ мэт орших тэр тагнуулчын үхэл яагаад ч юм харуусал, аягүйцлийг зэрвэс төрүүлсэн юм. 
    Цэмцгэр, нягт хичээнгүй зан, өргөн мэдлэг, сэтгэл хөдлөлөө дотроо барьж чаддаг чанар, дөлгөөхөн төрх нь тв-ийн дэлгэцээр нэвтрүүлэх түүний хөрөг зурагнаас тод төсөөлөгдөнө. Үл ойлгогдох шалтгаанаар амиа егүүтгэсэн Оросын тагнуулчийн үхэл намайг түүний тухай илүү ихийг мэдэх хүсэлд автуулж билээ.


    ...Москвагийн Олон Улсын харилцааны сургуулийн төгсөгч Л.Шебаршин 1958 онд Пакистан дахь Оросын Элчин сайдын яаманд томилогдож, дөрвөн жил ажиллажээ. Ойрх Дорнодын хямралт нөхцөл байдлын тухай гүн гүнзгий дүн шинжилгээ хийдэг түүнийг Оросын тагнуулын байгууллага - КГБ анхааралдаа авсан байна. 1962 онд тэрээр КГБ-ын Гадаад тагнуулын газрын ажилтан болж, Пакистанд дахин дипломат ажилтны халхавчаар ажиллах болов. 
        1965 онд Пакистан - Энэтхэгийн дайн өрнөхөд Зөвлөлт Холбоот Улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Уг зуучлалд КГБ ихээхэн анхаарал хандуулж, Л.Шебаршин тавигдсан зорилтыг чадамгай биелүүлжээ. Тэрээр дахин долоон жилийг Пакистанд өнгөрүүлсэн бөгөөд харин 1972 онд түүнийг Энэтхэгт КГБ-ын туршуулын сүлжээг удирдах резидентээр томилсон ажээ. 1977 оны дөрөвдүгээр сард Шебаршины Энэтхэгт ажиллах томилолтын хугацаа дуусч, нөхцөл байдал илэрхий хурцадсан Иранд ажиллах тушаал авчээ. Туршуулын мэдээллийг үндэслэн КГБ Иранд хувьсгал гарч, хаант засаг нуран унах болно гэж дүгнэлт хийв. Тэгээд Иранд хувьсгалт хүчнийг дэмжин төрийн эрхэнд гаргаж, ЗХУ-ын холбоотон болгохоор ихэд чармайжээ. Уг чармайлтыг биелүүлэхэд Л.Шебаршины үүрэг оршиж байлаа. Гэвч 1979 оны өвөл шашны тэргүүн Аятолла Хомейни засгийн эрхэнд гарч, Иран Улс нь АНУ-ын гол холбоотон болсноор КГБ-ын төлөвлөгөө нуран унажээ. Л.Шебаршины туслах нь АНУ-ын талд урваж, бүх нууц мэдээллийг задлав. Ираны Тагнуулын газарт баривчлагдах аюул тулгарсан Л.Шебаршин Английн дипломатчийн дүрээр халхавчилж, Туркт нууцаар зугтан улмаар Москвад эргэн иржээ. 

Л.Шебаршин 1979 оны 12 дугаар сард Афганистанд төрийн эргэлт зохион байгуулжээ. Уг нууц ажиллагааг "Шторм-333" гэдэг. Л.Шебаршины удирдлагаар Оросын тагнуулын тусгай алба болох Альфа, Вымпель бүлгүүд уг ажиллагааг гүйцэтгэсэн билээ. 1979 оны 12 дугаар сарын 27-ны цас бударсан намуухан шөнө Оросын тусгай албаны 500 гаруй цэрэг Афганистан цэргийн дүрэмт хувцас өмч зүсээ хувилган, Ерөнхийлөгчийнх нь ордныг дайран эзэлж, Афганистаны ерөнхийлөгч Х.Амин болон түүний арван нэгэн настай хүүг нь өргөөнд нь буудан хороосон байна. Уг ажиллагааг гүйцэтгэхэд Оросын талаас 19-хөн хүн алагдсан бол Ерөнхийлөгчийн ордныг хамгаалдаг 200 Афганистан цэрэг алагджээ. Афганистаны Ерөнхийлөгчөөр Оросын талыг илт баримтлагч Б.Кармаль сонгогдож, ажиллагаа амжилттай төгсөв.
      Нэн чухал үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан Л.Шебаршин дэслэгч генерал цолоор шагнагдаж, Оросын Гадаад тагнуулын албаны даргаар томилогджээ. Тэрээр Ойрх Дорнод, Африк, Зүүн-Өмнөд Азид хэд хэдэн төрийн эргэлт, тусгай ажиллагаа явуулсан байна. Л.Шебаршин үнэхээр суу билигт тагнуулч байжээ.
      1991 оны 8 дугаар сард Зөвлөлт Холбоот Улсыг аврах төрийн эргэлт болж, уг өдрүүдэд Л.Шебаршин Тагнуулын газрыг даргалж байв. Удалгүй тэр тэтгэвэртээ гарч, хорь гаруй жил амар жимэр аж төржээ.
      2012 оны 3 дугаар сарын 30-нд Л.Шебаршин гэртээ өөрийгөө буудаж, амиа хорлосныг  олжээ. ОХУ-ын Дотоод хэргийн яам, Холбооны Аюулгүй байдлын албаны хамтарсан комисс түүний үхлийн шалтгааныг удтал шалгаад эцэслэн тогтоож чадаагүй өдийг хүрэв.
      Л.Шебаршины бичсэн нийтлэл, ном, дурсамжийг нь уншихад аливаа асуудлыг задлан шинжлэх хурц ухаан, олон улсын болон өөр улс орны байдлын тухай маш гүнзгий, алс хэтийг харсан анализ хийж, бодит таамаглал дэвшүүлсэн байдаг. Энэ бүхнийг харж, гайхан биширч суухад "Дипломатчийн чадвар бол ард түмэнд заяагдсан асар их хувь тавилан" гэх цэцэн үгийг өөрийн эрхгүй санадаг юм. 
      Түүний цэмцгэр, даруу төлөв, зарчимч төрх, өв тэгш эрдэм мэдлэгийг үнэхээр даган дууриахгүй байхын аргагүй.

                                                                                                                      Ч.Содбилэг. 01.04.2012 он

Монголчууд Хятадыг «бүтээсэн нь»

      Ази тив «дэлхийн төв» болон хувирч байна. Мэдээж энэ бол шилжилт, алгуур өөрчлөгдөх хувьсал, гэхдээ эсрэг тэсрэг зүйл биш, харин нэг арга барилыг нөгөөтэй нь хослуулж буй хэрэг. Бид хувьсан өөрчлөгдөж буй улс төр, эдийн засгийн нөхцөл, олон улсын байдалд зохицон орших нь  тусгаар тогтнолын баталгаа мөн. Үүний тулд өнөөгийн улс орнуудын уг сурвалж болох «иргэншлийн» түүхийг сөхөн үзэх шаардлагатай. Яг ийм шалтгаанаар миний бие «Монголчууд Хятадыг бүтээсэн нь» хэмээх нийтлэл бичсэн нь «Улс төрийн тойм» сонины 2012 оны 9 дүгээр сарын 14-ны дугаарт хэвлэгдсэн билээ.

     I. Мянган жил өнгөрөхөд Хятадын эдийн засаг мухардалд орлоо.

     Америкийн суут дипломатч Д.Хилл «Ирээдүйг зөгнөхөд иргэншлийн түүхээс өөр хөтөч үгүй. Түүнээс бид орчин үеийн үйл ажиллагааныхаа томьёог шавхан гаргаж авдаг юм» гэж тодотгон хэлж байхдаа «улс орныг ойлгох амин сүнс нь соёл иргэншил» хэмээх санааг онцлон илэрхийлжээ. Түүхийн явцад бүрэлдэн төлөвшсөн соёл иргэншлийг үүсэл - хөгжил - уналтынх нь үед соргогоор ажиглаж, анхааралтай судлах нь тухайн орны нууцлаг мөн чанарт нэвтрэх хийгээд уламжлалт харилцаагаа тодорхойлоход хөшүүрэг болдог билээ. Ямагт давамгайлах зөнтэй хоёр их гүрний дунд хавчигдан орших Монголчууд бидний хөршүүдтэйгээ зохицож нийцэх харилцаа нь айдас - найрамдал, үзэн ядалт - найрамдалд тогтож ирсэн гэвэл хэтрүүлэг болохгүй биз.
       Эртний хүй нэгдлийн газар эзэмших системийг Хятадад МЭӨ II зууны үед халжээ. Нийгэм газар эзэмшигчид ба тариачид гэх хоёр давхаргад хуваагдаж, тариачдын бүтээсэн баялгийг газар эзэмшигчид татварлан авах болов. Тэгш бус байдлын ялгаа холдох тусам жам ёсоор бослого тэмцэл гаарч эхэлжээ. Хятадад ээлжлэн оршиж байсан эзэнт улсуудын  хөгжил, мөхлийн үндсэн шалтгаан нь ард түмнийг тэжээх гол хоол болох тариалан байжээ. Тэд газрын шим, тариачны хүчийг дайчлах замаар л эдийн засгийг хөгжүүлж иржээ.  
     XIII-XIV зууны үед Монголчууд зуу орчим жил Хятадыг нэгтгэн захирснаар - мэдээж Монголын эзэнт гүрэнд харьяалагдаж байсан адил бус ард түмнүүдийн нөлөөгөөр - Хятадын иргэншил бусад соёл иргэншилтэй сүлэлдэн «охь тансаг иргэншил» буй болох хувьсан өөрчлөлт явагджээ. Өнөөгийн Хятадын эдийн засгийн нэгдсэн хөгжил угтаа Хубилай хааны хэрэгжүүлсэн цогц бодлогоос эхтэй. 
      Хятадад анх иргэншил үүссэн тэр цаг үеэс XIII зууны эцэс хүртэл Хятад орон улс төр, байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан «Өмнөд Хятад», «Умард Хятад» гэж хоёр хуваагджээ. Газар тариалан эрхлэхэд туйлын тохиромжтой өмнөд нутагт жинхэнэ хятад үндэстэн оршин амьдарч байсан бол эрс тэс уур амьсгалтай умард Хятадад голчлон нүүдэлчид ба тэдэнтэй цус холилдсон эрлийз хятадууд аж төрж байлаа. Өмнөд нутгийн Хятад хүн жижиг биетэй, зальтай, урт шар шүдтэй, шаравтар царайтай, загас, ногоо түлхүү хэрэглэдэг. Харин Умардын Хятад хүн том бахим биетэй, цагаан шүдтэй, бяр их, мах голчилж иддэг нь хэдэн мянганы турш эрхэлж байсан аж ахуй ба байгаль цаг уураас шалтгаалан хувьссан эволюци юм. 
     Монголчууд 1279 онд Хятад орныг нэгтгэн захирах хүртэл бүс нутгийн энэ хуваагдал эрчимтэй үргэлжилсээр байлаа. Умард Хятадын нутагт Хятад, Тоба, төвд, Тангуд, Хятан, Монгол, Зүрчид, Солонгос үндэстэн аж төрж байхад өмнөдөд жинхэнэ Хятадын Тан, Сүн улс оршиж байлаа. Энэхүү хуваагдмал байдал нь зөвхөн улс төр, хүн ам төдийгүй эдийн засгийн хөгжлийг ч саланги хуваагдмал байдалд оруулжээ. Иймээс МЭӨ үеэс XIII зуун хүртэлх Хятад орныг зөвхөн Хөх мөрнөөс цаашхи газар нутагт хамруулан үзвэл зохилтой.
     Тэр үед Өмнөд Хятад эдийн засгийн хөгжлөөрөө Умардаас илт давуу байв. Дэлхийн худалдааны голомт - Араб, Европ тивийн худалдаачид Өмнөд Хятадтай усан замаар, харин далайд гарцгүй Умард Хятадтай Торгоны замаар бараа таваараа зөөвөрлөн авчирч, худалдаж байжээ. Усан замын тээвэр нь цаг хугацаа, зардал хэмнэж байсан бол Торгоны замаар аялах нь дээрэмчдэд олзлогдох, хязгааргүй уудам элсэн цөлд олон сар аялах, төөрөх, бараа таваар үнэ цэнээ алдах эрсдэл дагуулж байлаа.
     Ашиг хонжоо хайгч худалдаачид мэдээж усан замаар Өмнөдтэй хийх худалдааг илүүд үзсэн юм. Тиймээс Өмнөд Хятадын нутагт үе залган оршсон эзэнт улсууд усан замын гол боомт - Ханжөү хотод төвлөн нийсэллэдэг байв. Мөн энд цаг агаар зөөлөн дулаавтар тул газар тариалан нэн хурдацтай хөгжжээ. ийнхүү түгжигдмэл Умард Хятад эдийн засгийн хоцрогдсон бүс нутаг болж хувирсан төдийгүй хил залган орших нүүдэлчин аймгуудын байнгын довтолгоонд өртөж, улс төр - эдийн засгийн гүн хямралд автжээ.
   1279 онд Хубилай хаан өмнөд, умард Хятадыг бүрэн эзэлж, нэгтгэн захирах боллоо. Тэрээр асар уудам эзэнт гүрний хөгжлийг нэгэн хэмд оруулахыг хүсч байлаа. Гэвч хэрхэх тухай удтал мухардсны эцэст гарцыг олжээ.
   II. Эзэн хаан гурван чиглэл бүхий цогц бодлого хэрэгжүүлэв.

     Эхлээд Умард Хятадад нийслэл хот байгуулж, засаг захиргааны төв болгов. Ингэснээр Өмнөд Хятадыг Умардаас захирах боломжтой болжээ. Дараа нь Өмнөд Хятадын эдийн засгийн төв - далайн боомт Ханжөү хотоос засаг захиргааны төв - Бээжин хүртэл эгц шулуун усан суваг байгуулах зарлиг буулгажээ. Чухам энэ усан суваг л хоёр бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах ёстой байлаа. Хэдэн мянган км үргэлжилсэн усан суваг барих ажил хорь гаруй жил (1279-1300 он) сунжран үргэлжилж, асар их хөрөнгө, олон хүний амиар бүтжээ. 
      Усан суваг Ханжөү хотоос эхэлж, Жэ-жян, Хуа-ань мужийг дайран шууд Бээжин хотод хүрнэ. Усан сувгаар аялах замд худалдаачид ачаа бараагаа буулгаж, түр хадгалах, арилжихад зориулж нэгэн жижиг хот байгуулсан нь өдгөө Азид хөгжлөөрөө тэргүүлж буй Тяньжин хот билээ. Хотыг «Тэнгэрийн гарам» буюу «Тяньжин» хэмээн нэрийдсэн нь урт усан сувгийн гарам болж, тэнгэрийн нийслэл Бээжин хотын наана оршдог хэмээх гүн утга агуулжээ. 
     Засаг захиргааны төв Ханжөү хотоос Бээжинд шилжснээр усан замаар ирэх харийн худалдаачид нийслэл Бээжинд заавал очих шаардлагатай болсон нь мэдээж. Усан суваг баригдаж дуусахад энэ нь албадлага биш, харин ашиг сонирхол болж хувирав. Эрэлт хаана төвлөрнө, тэнд худалдаачид очих нь жам хойно. Өдөр шөнөгүй бараа зөөх усан сувгийн дагууд арилжааны жижиг суурин олноор байгуулагдсан нь өнөөдөр Хятадын эдийн засгийн томоохон районууд болон хөгжжээ. Ийнхүү Хубилай хаан асар их зардал, тэвчээр зааж усан суваг байгуулснаар өмнөд, умард Хятадын хөгжлийн нэгэн гольдролд оруулж чадсан бөгөөд нэгэн захиргаанд удтал барьснаар Өмнөд, Умард Хятадуудыг антропологийн хувьд бараг ижилсүүлж чаджээ.
      1368 онд Юань улс мөхөж, Монголчууд тал нутагтаа эргэн ирэхэд Хятадын шинэ эрх баригчид нийслэл хотоо өмнөд нутагт шилжүүлэхээр хоёронтоо оролдсон ч тун удалгүй умардын Бээжинд эргэн нийсэллэж байсан, мөн одоо ч Хятад улс энд төвлөсөөр буй нь эдийн засгийн хөгжлийг өмнөөс умард руу татаж, адил тэгш гольдрилд оруулах бодлого, аль эсвэл түүхийн явцад бий болсон зах зээлийн зайлшгүй шаардлага байж болох юм. Хэрэв тэд өмнөд нутагт төвлөн суувал умард Хятад эзгүйдэн хоцрогдох нь зайлшгүй байсан хэрэг.
     Эцэст нь Хубилай хаан газар тариаланг эрчимтэй хөгжүүлэхийг оролдож байв. Тэрээр улс орны тогтвортой хөгжлийг газар тариалангаар хангаж болно хэмээн үздэг байсан бөгөөд үүнийгээ «Төр гүрэн хэмээгч ард иргэдээс үндэс болгомой. Ард иргэд хэмээгч өмсөх идэхээс үндэс болгомой. Өмсөж идэх хэмээгч газар тариалангаар үндэс болгомой» гэх өвөрмөц философоор илэрхийлж байлаа. Тэгээд тариачдад ашигтай, тэдний урмыг сэргээх зорилгоор татвараас түр чөлөөлж, тариалан эрхлэх технологийг шинэчилж, урчууд эрдэмтдээр шинэ багаж зэвсэг зохиолгож байв.
      Хубилай хааны явуулсан цогц бодлогын үр дүнд Хятадын эдийн засаг үзэгдээгүй хурдацтай хөгжжээ. Ордны бичээч түшмэл Яао-суй «Улс гүрний түгшин санаашрах зовлон өнөд арилав» хэмээн бахдан бичиж байв. Хятад орон таван мянган жилийн иргэншлийн түүхэндээ энэ мэт нэгдэж хөгжсөн тохиолдол огт үгүй бөгөөд энэ утгаар авч үзвэл Монголчууд Хятадын иргэншилд гүнзгий ул мөрөө үлдээж, нэн аугаа зорилтыг шийдвэрлэж чаджээ.
   Мин улс, Чин улсын үед тариаланд суурилсан иргэншлийн ач холбогдол өчүүхэн ч багассангүй, харин ч эдийн засгийн хөгжил нь газар тариалангаас улам их хамааралтай болж байв. Яг энэ үед Европт үйлдвэржүүлэлтийн эрин эхэлж, нийгмийн хувьсал, өөрчлөлт нь Өрнөдөд феодализмыг газар тариалантай хамт шахан зайлуулж эхлэв.
      ХХ зууны дунд үе хүртэл Хятад дан тариалангийн иргэншлийн орон хэвээр байлаа. 1949 онд Хятад коммунист орон болсноор төрийн оролцоо голлох социалист эдийн засгийн бодлого хэрэгжиж эхлэв. Гэхдээ 1978 он хүртэл Хятад улс нь зөв бодлого хэрэгжүүлэх гарцаа эрэлхийлсэн эдийн засгийн туршилтын бүс нутаг болоод байжээ.

                                                                                                 Үргэлжлэл бий.

Friday, November 16, 2012

Цагийн дуудлагаар тодорсон эх оронч


     Социалист Монголын сүүл үеийн удирдагчдын нэг Ц.Намсрайн гэргий Т.Алтаншагай эгчтэй би 2010 оны намар уулзсан юм. Түүнийг эр нөхрөө дурсан ярихад надад тэдний хамтын амьдрал болоод улс орны туулж өнгөрүүлсэн ээдрээт цаг үе төсөөлөгдөн тодорч билээ. Сэтгэлдээ тэрхүү зоримог удирдагчийн талаар нийтлэл бичих хүсэл тээсээр эцэстээ "Улс төрийн тойм" сонины 2012 оны 10-р сарын 19-ны №199 (0668) дугаар уг нийтлэлийг хэвлүүлсэн юм.



          1980-1990-ээд оны Монголын удирдлагад хамгийн залуу бөгөөд өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг шийдэмгий дэмжигч нь Ц.Намсрай байлаа. Тэрээр сэтгүүлч, улс төрч хүний хувьд цаг үеийг соргогоор мэдэрч, түгжигдмэл бугшсан нийгэмд шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх тухай ахин дахин ярьж байв. 1990 онд дэлхийн социалист систем нуран унахад коммунист удирдагчид эрх дархаа хадгалахыг хичээн хүч хэрэглэснээр олон оронд иргэний дайн, тэмцэл хямрал, цуст хядлага гаарсан юм. Харин эсрэг тэсрэг нийгмийн шилжилт Монголд айвуу тайвуу өрнөж, тэгснээр улс орон хөтлөгдөн замнах зүг чигээ ээдэрч тэмтрэлгүй олж чаджээ. Үүнд Ц.Намсрай хийгээд түүний санаа нэгт нөхөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Гэвч үймж бужигнасан он жилүүд тэдний түүхэн гавьяаг мартан бүдгэрүүлэхэд хүргэжээ.
            ...Намсрай 1939 оны өвөл Хөвсгөлд малчин айлын гэр бүлд мэндэлжээ. Эцэг, эх нь удам дамжсан малчид байсан бөгөөд төрж өссөн уугуул нутагтаа нүүдэллэн аж төрдөг байв. Намсрайн эцэг Цэрэндаш тэр үед шинэ содон зэвсэг гэгддэг байсан Артиллерийн цэрэгт алба хааж, хөдөө нутагт хамгийн боловсролтой нэгэнд тооцогдох болжээ. Тэрээр цэрэгт уйгаржин болон латин үсэг, химийн томьёо, математикийн энгийн аргачлалуудыг заалгасан ажээ.
         Хөвсгөл аймгийн Мөрөн хотын дунд сургуулийг төгссөн Намсрай Ленинградын Их сургуулийн сэтгүүлчийн ангид хуваарилагджээ. Сурагч байхдаа олон нийтийн ажилд манлайлан оролцдог байсан идэвхитэй зан төрх нь оюутан цагт нь улам тодорч, тэрбээр МХЗЭ, МАХН-ын гишүүнээр элсэв. Орос хэлийг төгс эзэмшсэн нь түүнийг үе тэнгийнхнээсээ ялгагдах онцлог чадвартай болгосон гэлцдэг. Таван жилийн дараа дипломоо өвөртлөн эх орондоо эргэн ирэхэд Монголд сэхээтний шинэ давхарга дөнгөж бүрэлдэн тогтож байлаа.
       1930-аад онд хядагдсан сэхээтнүүдийг амьдралын цөлх ухаантай залуучууд залгамжилж байсан бол хорь орчим жилийн дараа тэд шахагдаж, орыг нь Монгол, Зөвлөлтөд дээд сургууль төгссөн шинэ цагийн сэхээтнүүд эзэлсэн билээ. Дээд боловсролтой тэдгээр цөөхөн залуус практик ажилд удтал дадлагажиж, хожим хөгжил дэвшлийн зүг эрчлэн тэмүүлэх Монгол орныг удирдан залуурдах болсон юм.  
         Хорин гурван настай Намсрай «Үнэн» сонины Дорноговь аймаг дахь сурвалжлагч, улмаар «Монцамэ» агентлагийн Бээжин дэхь сурвалжлагчаар томилогдон 1967 он хүртэл ажиллав. Мао Зэдун-ы заавраар Хятадын өөрөөр сэтгэгчдийг хомроголон хядаж, дэлхий даяар дуулиан шуугиан тарьсан  «Соёлын хувьсгал»-ын үймээн самуунт үйл явдлыг сурвалжилж, ул суурьтай нийтлэл бичдэг байсан залуу сэтгүүлчийг МАХН-ын Төв Хороо анхааралдаа авчээ. Хятадын дотоод хямрал, удирдагчдын зөрчил, ард олны эсэргүүцлийн тухай дүн шинжилгээ хийж, ихээхэн уялдаа авцалдаа бүхий дүгнэлт, таамаглал дэвшүүлсэн түүний нийтлэлүүд дипломатчдыг гайхшруулдаг байв. Удалгүй Намсрай МАХН-ын Төв Хороонд гадаад харилцааны ажил эрхлэх болж, улмаар Москвад сурвалжлагчаар томилогджээ.
           Тэрээр эрдмийн зэрэг хамгаалахаар махран ажиллаж, хувь заяагаа сэтгүүлчийн замналаар төсөөлж явтал засаг төр түүнийг өөрийнх нь хувьд огтын санаандгүй байсан улс төрийн амьдралд татан оруулжээ. 1972 онд Намсрай Төв Хорооны Ерөнхий хэлтсийн дарга болов.
          Нам төвтэй төрийн тогтолцоо бүхий тэр цаг үед Төв Хороо улс орныг бүхэлд нь удирддаг байлаа. Намын Төв Хороонд харьяалагддаг Захиргааны, Боловсон хүчний, Аж үйлдвэрийн, Барилгын, Эдийн засгийн, Боловсролын, Үзэл сурталын хэлтэсүүд хариуцсан салбараа бүхэлд нь хянаж, Улс төрийн Товчоонд захирагддаг байв. Харин Ерөнхий хэлтэс нь эдгээр хэлтэсүүдийг холбон зангидаж чиглүүлдэг, өөрөөр хэлбэр Тамгын газрын үүргийг гүйцэтгэдэг байжээ. Идэр залуудаа төрийн өндөрлөгт огцом дэвшсэн Намсрай шинэ албандаа ихэд хичээн ажиллаж, Ю.Цэдэнбалын баруун гар гэгдэх болсон юм. Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Ц.Балхаажав «Яагаад ч юм бэ, Цэдэнбал дарга Ц.Намсрай, Б.Ламжав хоёрын үг, зөвлөгөөг бусдаас илүү сонсдог байсансан» хэмээн дурссан нь бий.
           Гэвч Намсрайн улс төрийн нэр нөлөө, удирдагчийн зоримог байдал нь 1980-аад оны үед илүү тодорчээ. Тэгэхэд тэрээр МАХН-ын ТХ-ны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч даргын албыг хашиж, дээд зиндааны улс төрч болсон байлаа. Түүний удирдлагад боловсон хүчин, засаг захиргаа, хууль хүчний бүх байгууллага, төв, орон нутгийн намын ажил, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн байгууллага багтдаг байжээ.
            Түүнийг 1984 онд Ю.Цэдэнбалыг чөлөөлөх ажлыг санаачлагч, хуйвалдагч хэмээн зарим хүн шүүмжилдэг нь огт утгагүй хэрэг юм. Кремлийн эзэд аль 1983 онд Ю.Цэдэнбал даргыг халах нууц тогтоол баталж, Монгол дахь Зөвлөлтийн элчин, УАХХ-ны төлөөлөгчийг сольж, улмаар уг шийдвэрийг өөрсдөө гардан хэрэгжүүлсэн нь нийтэд илэрхий болсон билээ. Зөвлөлтийн дагуул орон байсан Монголчууд Кремлийн шийдвэрийг дагахаас өөр гарц байсангүй.
             М.Горбачевын сэдсэн өөрчлөн байгуулалт ягшмал үзэл суртлыг эвдэж, мухардалд орсон системийг засахаар шаргуу оролдож байлаа. Гэвч Монголын удирдлага олон зүйлд тулгамдаж, өөрчлөн байгуулалтыг яаран хэрэгжүүлэхийг азнаж байжээ. Төрийн тэргүүн Ж.Батмөнх аливаа зоримог өөрчлөлт хийхээс удтал цааргалж байсныг хамтран зүтгэгчид нь олонтаа дурссан байдаг.
        Чухам тэр үед Намсрай улс төрчийн хувьд биеэ даасан шийдэмгий нэгэн болохоо харуулсан байдаг. Тэрээр дээд удирдлагын эргэлзэж тээнэгэлзсэн, болгоомжилж цэгнэсэн үйл ажиллагааг шүүмжилж, өөрчлөлт шинэчлэлтийг яаравчлахгүй азнавал ээдрээтэй нөхцөл байдалд хүрч болзошгүйг ахин дахин анхааруулжээ. Түүний хэлсэн үг, илтгэлийг эргэн уншиж суухад бодит бус томьёолол, амны уншлага болсон лоозон биш, харин сэтгэл зүрхнээс нь оргилон гарсан үндэсний ухамсар, нөхцөл байдлыг өөрчлөхөд хүч мөхөсдсөндөө гутарсан шаналал мэдрэгддэг.
Тэрээр «Эх оронч үзэл бол хүрээлэн буй бодит ертөнцийг бүхэлд нь ухааран сэтгэхээс үүсч, улс орон, ард түмэн чиний төлөө гэсэн сэтгэлээр илэрдэг өвөрмөц мэдрэмж» хэмээн тодорхойлж, «Монголыг улс шиг улс болгохсон» гэж санааширч, «Өөрчлөн байгуулалтыг Монгол ухаанд түшиглэн хийх ёстой» тухай сануулж, «Хуучин систем, хуучин удирдлагын балагтай арга барилыг өвлөн авч хоногшсон үхширсэн сэтгэлгээнээс салахыг оролдохгүй байгаад хамаг уршиг оршино. Энэ бүхнээс болж олон түмний бухимдал нэгэнт үүссэн»-ийг сэрэмжлүүлж, «Бие дааж ажиллах чадвартай, дайчин давшингуй, жинхэнэ Монгол бодолтой хүмүүс л удирдлагад орох нь зүйтэй. Би үүнийг Монголоо байх ёстой ёсоор нь сэргээе гэсэн үүднээс л хэлж байгаа юм» хэмээн мэдэгдэж байжээ. Үзэл суртлын хатуу номлолд хүлээслэгдсэн тэр цаг үед Намсрайн зоримог санааг ихэнхи сэхээтнүүд талархан хүлээж авч, дээд удирдлагын зарим гишүүд ч дэмжиж байв. – «Таны бодсончлон авах ёстой бүх хүнээс санал авч, ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон бол хэн энэ албанд сонгогдох байсан бол» хэмээн Улс төрийн Товчооны гишүүн П.Дамдингаас асуухад «Намсрайг. Олонхи нь дэмжиж байсан» хэмээн итгэлтэй хариулжээ.
Намсрай Монгол орныг «нам төвт» улсаас «төр төвт» системд шилжүүлэхэд алгуур бэлтгэж байлаа. Нэн эрсдэлтэй уг асуудлыг тэрээр онолын үндэслэлтэйгээр тайлбарлаж «Нам бол пролетарийн диктатурын зэвсэг учир нам нь төрийн ямар ч үүргийг гүйцэтгэх эрхтэй гэж алдаатай үзэж байв. Энэ нь яваандаа нам бол нийгмийн улс төрийн цөм гэх оновчгүй томьёолол болон хувирч, угтаа жинхэнэ цөм нь болох ёстой төрийн роль алдагдсан» гэж үзжээ.
1989 оны өвөл...Дэлхийн социалист систем гүнзгий хямралд автаж, Дорнод Европын орнуудад шинэ засаг тогтлоо. Монгол оронд нийтийг хамарсан жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл өрнөхөд дээд удирдлагын өмнө шийдэхэд хэцүү сонголт тулгарчээ. Тэгэхэд л Намсрай болон шинэчлэлийн бодлогыг тууштай дэмжигчид өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэхээс удтал цааргалж байсан ТХ-ны Ерөнхий нарийн даргад хүчтэй нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Намсрай Төв Хорооны ээлжит бус Бүгд хурал дээр «УТТ-гоор дэнчин тавьж, хэн нэгэн албан тушаалдаа үлдэхийг зөвшөөрөхгүй» гэж шууд мэдэгдсэн нь хуучин удирдлага цөм огцорч, шинэ хүчинд байр сууриа тавьж өгөх ёстойг сануулсан хэрэг байлаа. Түүнтэй Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ш.Гунгаадорж, НАХЯ-ны сайд А.Жамсранжав, ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэн болон бусад дарга нар санаа нэгдэн нийлжээ. Удалгүй Намсрайн угтан харсан нь биелж, засаг төр солигдож, олон намын системд шилжин, «төр төвт» улс орон боллоо. Хэрэв Улс төрийн Товчоонд шинэчлэлийн бодлогыг шийдэмгий дэмжигчид үгүйсэн бол, тэд бусад социалист орны удирдагчид шиг хүч хэрэглэсэн бол, «цагаан морин жил» чухам юу болж өрнөх байсныг бурхан л мэдэх биз ээ.
Намсрай 1990 онд нас нөгчжээ. Тэрээр Монголчуудад тулгарсан асар ярвигтай зорилтыг шийдээд тэнгэрт халин одсон юм. Өрнөх бүртээ цус асгаруулдаг хувьсгалын харгис жамыг үгүйсгэж, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд нэгдэн, үндэстний өвөрмөц онцлог, хүмүүнлэг ардчилсан, тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхий дахинд тунхаглажээ. Он цагийн холбиромтгой шуурганаас улс орноо айвуу тайвуу авч гарсанд Ц.Намсрай болон түүний үеийнхний ач гавьяа оршдог юм. Түүний үр дүн нь бидний амьдарч буй амар жимэр өнөө цаг билээ.



Friday, May 4, 2012


   Нэг миллиард 500 сая хүнээр өөрийгөө тахин шүтүүлж, ард түмнээ тахин шүтүүлэх гипнозод автуулсан их удирдагч Мао Зэдуны эхнэр Жян Чин нөхрөөсөө ч дутахгүй алдартай нэгэн байлаа. Түүний амьдралын түүх нь ХХ зууны Хятадын улс төр, нийгмийн ээдрээт амьдралын золиос болсныг харуулдаг.
    Жян Чин ХХ зууны эхэн үеийн Шанхай хотын нэрд гарсан царайлагч жүжигчдийн нэг байжээ. Тоглосон кино бүхэн нь нийтийн хүртээл болж, шуугиан тарьж байсан алдарт жүжигчин Жян Чин Хонконгийн нэрд гарсан кино найруулагч Тан Лунь-тай гэрлэж, тухайн үеийн Хятадын ажил, амьдрал нь өөдрөг яваа хамгийн алдартай оддын нэг болжээ.

     1936 онд Жян Чин-ий амьдралд эргэлт гарсан он жилүүд байв. Япончууд Хятадыг эзлэн түрэмгийлж байсан тэр аймшигт хэцүү үед Жян Чин нөхрөөсөө салж, хувийн амьдрал нь бүтэлгүйтжээ. Удалгүй Жян Чины хувийн кино компанийг Япончууд сүйтгэхэд тэрээр зугтаж, Янань хотод ирэв. Тэнд тэр хувьсгалын их удирдагч Мао Зэдунтай танилцаж, улмаар гэрлэжээ.
    Жян Чин Мао Зэдунтай гэрлэж, Ли на гэдэг охинтой болсон бөгөөд хувьсгалын хүнд хэцүү үед Мао Зэдуны эхнэрүүдийн дотроос түүнд үнэнч үлдсэн ганц бүсгүй байлаа.
  1949 онд Хятадад хувьсгал ялж, Мао Зэдун үнэмлэхүй удирдагч болов. Гэвч Жян Чин тэргүүн хатагтайн үүргээс илүү хувьсгалын өмнө хийж байсан кино урлагийн ажилдаа ихэнхи анхаарлаа хандуулах болжээ. 1966 онд Мао Зэдун Соёлын их хувьсгал өрнүүлж, өөрийг нь шүүмжлэгч, эсэргүүцэгч, эргэлзэгчдийг нэг мөсөн дарж, залуучуудыг турхиран өөрийгөө тахин шүтүүлэх кампанит ажлаа эхлүүлэв. Мао Зэдун 1969 онд эхнэр Жян Чин-ийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болгож, Соёлын хувьсгал явуулах хорооны орлогч даргаар томиллоо. Энэ үеэс жүжигчин Жян Чин Хятад орныг орвонгоор нь эргүүлсэн хувьсгалын эргүүлгийг удирдаж эхэлжээ.

     Улс орны удирдагчдын нэг болж, нэр нөлөө нь нэмэгдэв. Соёлын хувьсгалын солиоролд автсан залуус Жян Чин-ийг агуу их удирдагчийн гэргий хэмээн өргөмжилжээ. Жян Чин нөхрийнхөө дайснуудыг устгах хамгийн хорон аргуудыг сэдэж эхлэв. Жүжигчин, энхрийхэн, ялдам дүрээрээ олон түмний сэтгэлд удтал мөнхөрсөн Жян Чин залуусыг турхиран хуучны дурсгалт зүйлс, Дэн Сяо пин, Пэн Дэхуай, Лю Шаочи, Сүн Вэйши зэрэг алдарт хувьсгалчдыг хөдөө цөлөх, алах, тамлан тарчилгах ажлыг  хийжээ. Соёлын хувьсгалын үед амь үрэгдсэн хүний тоо хэдэн саяар тоологддог.
    Хятад орны өнцөг булан бүрт Жян Чин-ий зурагт хуудсыг нааж, гудамжаар хувьсгалын дуу аялсан залуус бөмбөр нижигнүүлэн явна. Тэд их хувьсгал, их удирдагч Мао Зэдун, их удирдагчийн хүндэт гэргий Жян Чин, нөхөр Линь Бяо, Чжан Чүньчяо, Яао Вэньюань, Ван Хун Вэнь нар түм насалтугай хэмээн орилно. 
    1976 онд Мао Зэдун нас нөгчив. Улс орон даяар уй гашуу нөмрөв. Жян Чин ч мөн нөхрийнхөө үхэлд гашуудаж, уйлж байсан боловч энэ их уй гашуу өнгөрсний дараа улс орон хэрхэх нь түүнд оньсого мэт байлаа.
   Мао Зэдуныг нас нөгчсний дараа удирдлагад зүйрлэшгүй том орон зай онгойж, түүнийг хэн нөхөх нь маргаантай асуудал болж байжээ. Хэдийгээр ахимаг насны хувьсгалч Хуа Гүө Фэн бол Мао Зэдуны залгамжлагч хэмээн албан ёсоор нэрлэгдэж байсан ч Жян Чин өөрийнхөө дэвшүүлсэн хүмүүстэй хамтаар төрийн эрхийг булаан авч, Дэн Сяопин, Хуа гүө фэн нарыг зайлуулахаар шийдэж, нууц хуйвалдаан зохион байгуулав.
   Гэвч тэр оройтсон байлаа. Хямрал, эмх замбараагүй байдалд 10 жил гаруй байсан Хятад орны хувь заяаг аврахаар цэргийн эрх баригчид, Улс төрийн Товчооны өндөр настай удирдагчид сэм хуйвалдсан байжээ. 1976 оны 10-р сарын 6-ны орой Жян Чин-ийг төрийн тэргүүний өргөө болох Чжун ань хай-д байхад Цэргийн эрх баригчдын тушаалаар түүнийг баривчилжээ. Мөн тэр өдрийн орой Жян Чин-ий хамсаатнуудыг мөн барьсан байна.
   Жян Чинийг таван жил шоронд хорив. Түүнийг шүүх хурлаар оруулах, ял оноох, суллах алин болох нь тодорхойгүй таван жил болов. Гэвч Хятад оронд их өөрчлөн байгуулалт болж, Дэн Сяопин төрийн эрхэнд гарч, "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогыг хэрэгжүүлэн, тогтвортой байдлыг бий болгож, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлжээ. Улс орон тогтворжиж, бодлого зорилтоо тодорхойлсны дараагаар 1981 онд Жян Чин тэргүүтэй дөрвөн хүнийг шүүх хурал эхлэв. Тэднийг "Дөрвийн дээрэмчид" гэж нэрлэн, Соёлын хувьсгалын бүх бурууг энэ дөрвөн хүнд тохлоо. Дөрвийн дээрэмчидтэй хамт 20 гаруй хавсруулан шийтгэж, ял оноов. Намын Төв Хорооны албан ёсны тогтоолд өгүүлэхдээ: -"Дөрвийн дээрэмчин нөхөр Мао Зэдуныг өдөөн турхирч, өдий төдий хувьсгалын ахмад зүтгэлтэн ба гэм зэмгүй жирийн ардуудыг хөнөөн, эд материалын зүйрлэшгүй их хохиролд учруулсан юм. Нөхөр Мао Зэдун сүүлээр энэ байдлыг үэзж мэдээд энэ хор уршгийг арилгах арга хэмжээг авч явуулахаар төлөвлөж байсан боловч насан эцэслэжээ. Мао Зэдун бол манай хувьсгалыг үүдэн байгуулагч, их удирдагч мөн бөгөөд бид хэзээд Мао Зэдуны онол хийгээд түүний сургаалыг баримтлан явах болно" гэжээ.
  Шүүх хурлаас Жян Чин-д цаазаар авах ял оноов. Гурван жилийн дараа Дэн Сяопин-ий тушаалаар Жян Чин-ий ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. 1991 оны 5-р сарын 14-ний өглөө шоронгийн харгалзагч Жян Чин-ий өрөөнд ороход тэр амиа хорлосон байлаа. Хананд будгаар "Мао Зэдун. Би чамд хайртай байсан" гэж бичсэн байжээ. Тухайн үед Жян Чин 77 настай байв.
 Жян Чин-ийг нас нөгчсний дараа тун нууц байдалд чимээгүйхэн оршуулжээ. Чухамдаа Мао Зэдун Соёлын хувьсгалыг эхлүүлж, хорвоо дэлхийг орвонгоор нь эргүүлсэн гэдгийг албан ёсны мэдэгдэлд хэн ч дурьдахаа больжээ. Учир нь аль ч дарангуйллын нийгэм Жян Чин мэтийн хүмүүсийн золиосонд оршиж байдаг юм.  Жян Чин шүүх хурал дээр эцсийн үгээ хэлэхдээ: -"Дайн байлдааны хүнд хэцүү үед зөвхөн би л Мао Зэдуны дэргэд байсан. Соёлын хувьсгалын үед бас би л түүнтэй хамт байсан. Гэтэл тэр одоо хаана байна вэ?" гэжээ. Харин Тянь ань мэний талбайд Мао Зэдуны хөрөг оршсоор...Их удирдагч Мао Зэдун үргэлж бидэнтэй хамт хэмээх үг цууриатсаар...