Tuesday, November 20, 2012

Оросын Гадаад тагнуулын албаны дарга «амиа хорлов».

    2012 оны 3 дугаар сарын 31-ны жихүүн үдэш....Тэр өдөр хичээл ордоггүй тул гэртээ ТВ-ийн суваг сольж суутал BBC агентлаг «Оросын тагнуулын төв байгууллага болох КГБ-ын сүүлчийн дарга, дэслэгч генерал Леонид Шебаршин далан долоон насандаа өөрийгөө буудаж, амиа егүүтгэв» гэх товч мэдээ явав. Надад огтоос хамаагүй, алсад зүүд зэрэглээ мэт орших тэр тагнуулчын үхэл яагаад ч юм харуусал, аягүйцлийг зэрвэс төрүүлсэн юм. 
    Цэмцгэр, нягт хичээнгүй зан, өргөн мэдлэг, сэтгэл хөдлөлөө дотроо барьж чаддаг чанар, дөлгөөхөн төрх нь тв-ийн дэлгэцээр нэвтрүүлэх түүний хөрөг зурагнаас тод төсөөлөгдөнө. Үл ойлгогдох шалтгаанаар амиа егүүтгэсэн Оросын тагнуулчийн үхэл намайг түүний тухай илүү ихийг мэдэх хүсэлд автуулж билээ.


    ...Москвагийн Олон Улсын харилцааны сургуулийн төгсөгч Л.Шебаршин 1958 онд Пакистан дахь Оросын Элчин сайдын яаманд томилогдож, дөрвөн жил ажиллажээ. Ойрх Дорнодын хямралт нөхцөл байдлын тухай гүн гүнзгий дүн шинжилгээ хийдэг түүнийг Оросын тагнуулын байгууллага - КГБ анхааралдаа авсан байна. 1962 онд тэрээр КГБ-ын Гадаад тагнуулын газрын ажилтан болж, Пакистанд дахин дипломат ажилтны халхавчаар ажиллах болов. 
        1965 онд Пакистан - Энэтхэгийн дайн өрнөхөд Зөвлөлт Холбоот Улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Уг зуучлалд КГБ ихээхэн анхаарал хандуулж, Л.Шебаршин тавигдсан зорилтыг чадамгай биелүүлжээ. Тэрээр дахин долоон жилийг Пакистанд өнгөрүүлсэн бөгөөд харин 1972 онд түүнийг Энэтхэгт КГБ-ын туршуулын сүлжээг удирдах резидентээр томилсон ажээ. 1977 оны дөрөвдүгээр сард Шебаршины Энэтхэгт ажиллах томилолтын хугацаа дуусч, нөхцөл байдал илэрхий хурцадсан Иранд ажиллах тушаал авчээ. Туршуулын мэдээллийг үндэслэн КГБ Иранд хувьсгал гарч, хаант засаг нуран унах болно гэж дүгнэлт хийв. Тэгээд Иранд хувьсгалт хүчнийг дэмжин төрийн эрхэнд гаргаж, ЗХУ-ын холбоотон болгохоор ихэд чармайжээ. Уг чармайлтыг биелүүлэхэд Л.Шебаршины үүрэг оршиж байлаа. Гэвч 1979 оны өвөл шашны тэргүүн Аятолла Хомейни засгийн эрхэнд гарч, Иран Улс нь АНУ-ын гол холбоотон болсноор КГБ-ын төлөвлөгөө нуран унажээ. Л.Шебаршины туслах нь АНУ-ын талд урваж, бүх нууц мэдээллийг задлав. Ираны Тагнуулын газарт баривчлагдах аюул тулгарсан Л.Шебаршин Английн дипломатчийн дүрээр халхавчилж, Туркт нууцаар зугтан улмаар Москвад эргэн иржээ. 

Л.Шебаршин 1979 оны 12 дугаар сард Афганистанд төрийн эргэлт зохион байгуулжээ. Уг нууц ажиллагааг "Шторм-333" гэдэг. Л.Шебаршины удирдлагаар Оросын тагнуулын тусгай алба болох Альфа, Вымпель бүлгүүд уг ажиллагааг гүйцэтгэсэн билээ. 1979 оны 12 дугаар сарын 27-ны цас бударсан намуухан шөнө Оросын тусгай албаны 500 гаруй цэрэг Афганистан цэргийн дүрэмт хувцас өмч зүсээ хувилган, Ерөнхийлөгчийнх нь ордныг дайран эзэлж, Афганистаны ерөнхийлөгч Х.Амин болон түүний арван нэгэн настай хүүг нь өргөөнд нь буудан хороосон байна. Уг ажиллагааг гүйцэтгэхэд Оросын талаас 19-хөн хүн алагдсан бол Ерөнхийлөгчийн ордныг хамгаалдаг 200 Афганистан цэрэг алагджээ. Афганистаны Ерөнхийлөгчөөр Оросын талыг илт баримтлагч Б.Кармаль сонгогдож, ажиллагаа амжилттай төгсөв.
      Нэн чухал үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан Л.Шебаршин дэслэгч генерал цолоор шагнагдаж, Оросын Гадаад тагнуулын албаны даргаар томилогджээ. Тэрээр Ойрх Дорнод, Африк, Зүүн-Өмнөд Азид хэд хэдэн төрийн эргэлт, тусгай ажиллагаа явуулсан байна. Л.Шебаршин үнэхээр суу билигт тагнуулч байжээ.
      1991 оны 8 дугаар сард Зөвлөлт Холбоот Улсыг аврах төрийн эргэлт болж, уг өдрүүдэд Л.Шебаршин Тагнуулын газрыг даргалж байв. Удалгүй тэр тэтгэвэртээ гарч, хорь гаруй жил амар жимэр аж төржээ.
      2012 оны 3 дугаар сарын 30-нд Л.Шебаршин гэртээ өөрийгөө буудаж, амиа хорлосныг  олжээ. ОХУ-ын Дотоод хэргийн яам, Холбооны Аюулгүй байдлын албаны хамтарсан комисс түүний үхлийн шалтгааныг удтал шалгаад эцэслэн тогтоож чадаагүй өдийг хүрэв.
      Л.Шебаршины бичсэн нийтлэл, ном, дурсамжийг нь уншихад аливаа асуудлыг задлан шинжлэх хурц ухаан, олон улсын болон өөр улс орны байдлын тухай маш гүнзгий, алс хэтийг харсан анализ хийж, бодит таамаглал дэвшүүлсэн байдаг. Энэ бүхнийг харж, гайхан биширч суухад "Дипломатчийн чадвар бол ард түмэнд заяагдсан асар их хувь тавилан" гэх цэцэн үгийг өөрийн эрхгүй санадаг юм. 
      Түүний цэмцгэр, даруу төлөв, зарчимч төрх, өв тэгш эрдэм мэдлэгийг үнэхээр даган дууриахгүй байхын аргагүй.

                                                                                                                      Ч.Содбилэг. 01.04.2012 он

No comments:

Post a Comment